Соёлын яам төмс тараах биш түмнийг гэгээрүүлэх ёстой

Монгол Улс соёл хариуцсан яамтай болоод гурван жил болж байна. Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү сошиал дагаж хөөсөрдөг, хөвдөг болжээ. Үнэндээ өнөөдрийн энэ нийгэм, олон нийтэд гэгээрэл, гэрэл хэрэгтэй байна. Уншуулж судлуулж, урагш ахимаар байна. Олон жилийн дараа эргэж сэргэсэн соёлын асуудал эрхэлсэн яам нь байна уу? У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр өрхийг нь сөхөөд, үүд хаалгыг нь нээгээд, мөнгө төсвийг нь шийдээд өгсөн санагдана. Одоо л улс орны соёлын бодлого онцгойроод гараад ирэх нь гэж олон нийт хүлээсэн. Харамсалтай нь, соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү төмс тарааж, түмнийг бухимдуулах болсон нь худал биш. Утга зохиол, Уран зураг, Дуу хөгжим, Кино урлаг гээд тус тусдаа ТББ-уудад хаацайлаад орхисон хэвээр. Та нарт ер нь дээрх салбаруудын талаар хийх ажил байдаггүй байх аа. Нэгдсэн бодлогодоо оруулдаггүй юм уу. Чиг зүгээр хангадаггүй хэрэг үү? Шинэ яам төлөвших, торниж бойжих явц дуусаагүй л байна уу.

Гэтэл өнөөдрийн нийгмээ соёл гэгээрэл талаас нь мэргэжлийн яам яаж дүгнэж байна. Уур бухимдал, жагсаал цуглаан дүүрэн, энэ цагт иргэд уншиж судлахгүй баримжаа таавраар бүх асуудалд хандаж байна. Өнөөдөр иргэн бүрд нийгмийн соёл гэгээрэл, яаж дутагдаж байгааг хар та нар. Олон нийтийн телевизүүд ээ хар. Гаднын хуулбар шоу, сугалаа, Хятад Солонгос кино. Үзэгчдээсээ аль хэдийн хоцорсон нэвтрүүлгүүд. Улиг болсон хэдэн ток шоу дүүрсэн хэдэн сувагтай. Үндэсний телевиз нь зурагдсан пянз шиг болж зууны хагас тэртээх шигээ л сууж байна. Үзэл санааны өөрчлөлт дэвшилд хөтөлсөн ямар ч оролдлого алга. Монголчуудын эв нэгдэл, эх оронч үзлээ эрхэм болгосон. Язгуур эрх ашгаа дээдэлсэн ямар контент нэвтрүүлэг хаагуур гялайж гялтайгаад байна аа. Нөгөө кино урлаг дэмжих сангийн мөнгө яасан бэ. Хүүхдийн номын сан, хүүхдийн театртай цогцолбор барих юу болсон бэ. Бурханд булаалгаж орхисон билүү. Буцаагаад авч чадсан бил үү Сайд аа!

Хүн төрөлхтний болон өөрийн улсын сонгодог ном зохиол сурталчилсан ямар арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна та нар. Гадаадаас хуулбарласан уран бүтээлүүдийн давлагаа. Хяналтгүй харь соёлын довтолгоонд гараа өргөөд бүрэн сууж орхисон уу. Ардын урлаг өв соёлын арвин урын санд нэг юм долдойдож. Түүгээр ажил хийсэн болж. Өмнөх үеийн өв соёлоо хойно урдаа барин гадаадаар гангарч яваа сайдын сургаас өөр танай яамнаас тоймтой чимээ ч алга. Хийж хүчрэхгүй байна уу? Сэтгэх сэтгэлгээний чадамж үнэнхүү дутаж сууна уу? Монгол Улсын соёл гэгээрлийн алтан хөмрөг хариуцна гэдэг. Соёлын аугаа их сэтгэгчид, зохион туурвигчдын байгууллага толгойлоод сууна гэдэг тэнэг зоригтой, эвсэл хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн ажил биш ээ. Уран мэдрэмж ухааны цараа алстай хүмүүсийн л ажил. Харин ч урлагийн салбарт өөрсдийн хүчээр яваа талбар, талбарын хувь уран бүтээлчдийн олон жилийн сэтгэл зүтгэл бүтээл дээр соёлын яам шошгоо хадаж хэдэн жил амь тээх гэсэн юм. Эсвэл мундаг сайдын дор мунхаг хүмүүс байгаад байна уу?

Сайд нь сайн, баг нь бараан байж ч болно шүү дээ. Хэрэв тийм бол сайдаараа халхавч хийсэн салбадай нараа яамнаасаа зайлуул. Чаддаг мэддэг хүмүүсээр хүрээлүүлээд чамбай чанга ажиллаад эхэл. Үндэсний соёл чиг баримжаа гэдэг үнэндээ ганц сайдын гадаад хэлний мэдлэг. Энэ тэндээс нь хагас хугас хуулсан эмх цэгцгүй олон улсын соёлын хэлтэрхийг эвлүүлж ойлгохыг хэлдэггүй байх аа. Энэ нийгмийн стресс бухимдлыг анагаах ямар кино, контент байна гаргаад ир дээ. Ямар соён гэгээрлийн нэвтрүүлэг, ямар санал болгох ном зохиол байна вэ чиглүүлээд өг л дөө. Сошиалын хар барааныг жаахан сүлж гэгээ оруулах талаар бодож төлөвлөсөн юм байна уу. Арга ухаан алга уу. Соёлын Яам минь ээ! . Hollywood гэж хол харайхаасаа өмнө Netflix гэж нэвт үлээхээсээ урьтаж ядаж нүүдэлчин угсаатан Монгол туургатандаа хүрч ажилла аа. Хэдхэн жилийн өмнө даган дуурайдаг байсан Өвөр монголчууд өмнө чинь гарчихлаа. Тэгэхэд тусгаар улсын соёл тулгандаа сүүмэлзсээр байх уу.

Аялал жуулчлал гээд Ерөнхий сайд ирэх жилээс дэлхийд хаалгаа дэлгэлээ. Ерөнхийлөгч нь Их Хааны музей, Төв номын сан бариулаад өгчихлөө. Одоо Үндэсний Урлагийн Их Театрын төсөв хөрөнгө бүрэн шийдүүлчихлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар тултал дэмжээд л байгаа харагдах юм. Ядаж БОАЖЯ-тай ажлаа уялдуул, хамтран ажиллах гэрээ, чиглэлээ тодорхойл. Аймаг сумдын соёлын байгууллагыг жуулчны бааз байгууллагуудтай холбож өг. Урын сан нь орон нутгийн үзэгчдэдээ эл доль болчихсон үдэшлэг голдуу ажиллагаатай өчнөөн сумдын соёлын төв байна.

Саяхан л УИХ-ын зарим гишүүд хэдхэн сумын соёлын төвийн төсөв хэлэлцэхэд хөдөөгийн соёлын төвүүдийг чинь асар буруу ойлголттой явдаг нь харагдсан. Та нарын л байгаа царай тэдэнд ч, нийгэмд ч ийм ойлголт өгч байгаа юм шүү. Энэ улс орон, иргэдэд соёлын чиглүүлэгч чиг баримжаа хэрэгтэй байна аа. Чинбатын охин минь чиглүүлээрэй алив ээ алив. Тавлаж байгаа юм шиг асууя. Та нар ч өөрсдөө соёлынхоо талаар таг баримжаагүй тас харанхуй тууж яваа даа. Тархины тэжээл болсон соёлын асуудлаа өнөөдрөөс эхлэн танай яамнаас нэхэх болно. Өөр бусад уран бүтээлчдээ ч ер нь уриалъя. “Соёлоо соёолуулъя” давлагаа үүсгэхээс ч өөр арга алга. Нийтэлдэг бичдэг бүхэн нэгдээд явчихна гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлчид минь энэ тал дээр сэрж уриалах цаг болжээ. Үндэстний соёл харанхуй байна хүмүүс ээ! Нийгэм ийм байгааг харахаар нэхэхээс ч өөр ямар ч арга алга. Иргэдээ соёлжуулахгүй юм бол Соёлын нэрээ солино уу, сайд аа.

Нийтлэл О.Түвшиндэмбэрэл

1 сэтгэгдэл

  1. соёл гэхээр зөвхөн урлаг утга зохиол сонин сэтгүүл талаа талаа дангаар нь авч үзэж болохгүй нийгмийн өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй, тухайлбал иргэний улс төрийн соёл – хүүхдээ багаас нь энэ талын наад захын мэдлэг олгож санал өгөх хийгээд хариуцлага нэхэх эрхийн талаар ойлголттой болгох хэрэгтэй, ингэж чадсанаар илүү хариуцлагатай байж хувийн жижиг асуудлаараа хүртэл уучлал гуйж улс төрийн албан тушаалаасаа огцордог тэр жишигрүү явах алхам болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...