ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлэг өнөөдөр ийнхүү нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус эмнэлэг нь 7 давхар, 6 тасагтай, 250 ортойгоор түлэгдэл ба гэмтлийн яаралтай болон хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлэх юм. Цаашид зөвхөн Түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй Гэмтэл Согогийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТөвийнхөө ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэдийн хүлээгдэл чирэгдлийг багасгахад гол үүрэг гүйцэтгэн ажиллах юм. Эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар 702648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31122 тохиолдол нь түлэгдэл эзэлж байгаа ба 74,5 хувь нь ГССҮТөвөөс тусламж үйлчилгээ авсан байна. Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Харин ГССҮТөвийн Яаралтай тусламжаар жилд дунджаар 110000 гаруй хүн үйлчлүүлснээс 20-25% нь түлэгдэл болон бусад халдвардагсан, могойд хатгуулсан нохойд хазуулсан шарх шархлаанууд эзэлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд алсын түргэн тусламжид зориулсан туулах чадвар өндөртэй Toyota Prado 150 маркын автомашиныг ГССҮТ-д гардуулан өглөө.