Давхар хожоо буюу Монголыг хөгжүүлэх экспортын ТӨМӨР ЗАМ

Хувь заяаны шоглоом гэх ойлголт байдаг. Эзэн нь хичээгээд байхад заяа нь явж өгдөггүй гэсэн ойлголт юмуу даа. Харин Монголын хөгжлийн хувьд энэ үг эсрэгээрээ үйлчилдэг. Заяа нь хичээгээд байхад эзэн нь унхиагүй. Эзэн гэдгийг нь үе үеийн эрх баригчид буюу улстөрчдийг хэлж байгаа юм. Ам нээх тоолондоо экспортыг дэмжсэн бодлого явуулна гэх боловч ачир дээрээ дандаа эсрэг үйлдэл хийж улсаа хорлодог гаж донтой. Нүүрс, зэсийн баяжмалаа төмөр замаар хил гаргая гэж ярьж эхлээд Гашуун сухайтын экспортын төмөр замыг 16 жилийн дараа өнгөрсөн намар ашиглалтад оруулсан ганц жишээг энд дурдахад хангалттай. Хэрэв “чамайг хийлгэхгүй, би хийхгүй бол хэн ч хийхгүй” гэдэг бүлэглэл хоорондын тамын тэмцэл байгаагүй бол улсын эдийн засаг 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.доллар давсан байх байлаа.

Өвлийн тэргүүн сарын шинийн хоёронд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын нээлт болов. Уртаараа Гашуун сухайтын замтай бараг ижил энэ төмөр замыг үндэсний компаниуд наймхан сарын дотор барьж дуусгасан. 20 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Монголиан транс лайн” компани Засгийн газраас барьцаа шаардалгүй гүйцэтгэжээ. Хувийн хэвшил ашгийн тооцоогоо айхтар хийсэн байх. Мухар төмөр зам болгочихгүйн тулд хэрүүлийн сэдэв болсоор ирсэн өргөн, нарийн төмөр замыг хоёуланг нь хилийн зураст аваачжээ. БНХАУ-ын талаас 10 км төмөр зам тавиад огтлолцуулахад л Гашуун сухайтаас түрүүлээд хоёр дахь Замын-Үүд болно. Хэн нь түрүүлэх вэ гээд хөөрхөн өрсөлдөөн явах нь. Энэ өрсөлдөөн царигийн хэрүүл, бүлэглэлүүдийн толхилцооноос шал ондоо. Товчхондоо бол нийт монголуудад ашигтай өрсөлдөөн гэж хэлж болно. Хилийн цаад талд Хятад даяар зартай Бугатын аж үйлдвэрийн бүс байгаа учир том зах зээлд шууд хөл тавина.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтуудыг боомилсон тушаануудыг чөлөөлөх бодлогоо зарласан. Экспортын олон гарцтай, тэдгээр нь хоорондоо өрсөлдөөнтэй байвал ноён долларт тамиргүй болтлоо навсайтал нүдүүлж байгаа монгол төгрөг бяр сууна. Хангийн экспортын төмөр замыг дагаад орон нутагт хамгийн багадаа 1300 ажлын байр шинээр бий болох юм билээ. Энэ бол нэг сумын хүн амтай тэнцэх тоо. Нөгөө улсаасаа хулгай хийгээд байгаа нүүрсчдийг байранд нь тавих боломж бас нээгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээ биржийн тогтолцоогоор аил тод, нээлттэй арилждаг болчихвол цагаан захтай улстөрчид гараа харлуулж нүүрс хулгайлах ямар ч боломжгүй болно. Баялгийг хэдхэн гэр бүл биш нийтээрээ хүртэж эхэлнэ. Эдийн засаг өсөж хүмүүсийн амьжиргаа бодитоор дээшилнэ, хулгайчид цэгцэрнэ. Давхар хожоо.

Хангийн төмөр замыг БНХАУ-ын Мандалтай холбосноор манай дотоодын төмөр замын нийт тээвэр 65 хувиар нэмэгдэнэ. бараг уйлмаар гоё тоо. Гэхдээ бодох зүйл бас бий. Саалиа бэлдэхээр саваа гэдэг үг бий. Төмөр зам тавих нь чухал ч түүн дээгүүр явах вагон, зүтгүүр нэн чухал. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэх тоглоомын дүрмийг тун сайн тохирох шаардлагатай. Ковидын хүнд үе УБТЗ тээврийн гацаа үүсгэж, үүнийг дагасан авлига хэрээс хэтэрснийг мартаж үл болно. Экспортын төмөр зам хүнд суртал үүсгэдэг биш хүнд тусалдаг байх ёстой. Энэ зарчмыг л алдаж болохгүй. Яг энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж буй. Энэ айлчлалаар Ханги өртөөг өмнөд хөршийн талтай төмөр замаар холбох талаар нааштай шийдвэр гарах байх гэсэн хүлээлт байгаа юм билээ.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...