Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элемент ашиглах зөвшөөрөл авсан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийнхан анхнаас нь эсэргүүцсээр 10 гаруй жилийн нүүр үзэж буй. Ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжсээр 2022.11.03-ны өдөр албан ёсны эсэргүүцлийн цуглааныг Халзан бүрэгтэйд байрлаж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон туслан гүйцэтгэгч “Ти ар эм эксплорэйшн” ХХК-ний суурьшсан кемпийн дэргэд эхлүүллээ. Цуглаанд Мянгад болон ойр орчмын зарим сумын 300 гаруй иргэд оролцжээ. Энэ үеэр Мянгадууд угсаатныхаа эртний түүхийн бэлгэдэл болгон цагаан алчуураар толгойгоо ороож, “Ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхэнд бүү халд!”, “Халзан бүрэгтэй дэх ашиглалтын хууль бус лицензийг цуцлуул”, “Хариуцлагагүй уул уурхайг эсэргүцэж байна”, “Халзан бүрэгтэйгээс савраа тат” гэсэн уриа лоозонгууд барьж, морьтой болон явганаар компаний буурилсан газрыг тойрон жагсаж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Мөн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, туслан гүйцэтгэгч “Ти ар эм эксплорэйшн” ХХК, Мянгад сумын болон Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газарт шаадлага хүргүүлсэн байна.
Анхнаасаа хууль зөрчиж Ашиглалтын зөвшөөрал авсан тус компаний 2021 онд Мянгад сумын Засаг даргаар батлуулсан Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаа тул цуцлах үндэслэлтэй. Мөн тухайн компани аймгийн БОАЖГ-тай байгуулсан ус ашиглах гэрээгээ мөрдөхгүй, зөрчил гаргасаар байгаа юм.
Газрын ховор элементийг олборлох үед Уран, Тори зэрэг цацраг идэвхт бодис ихээр ялгардаг. Иймээс энэ газарт олборлолт хийвэл Монгол улсын цэвэр усны нэг том ай сав болох Их нууруудын хотгор цацраг идэвхит бодисын нөлөөнд өртөх магадлалтай. Зөвхөн Мянгад төдийгүй Хар-Ус, Дөргөн нуурыг тойрсон Дөргөн,Чандмань, Манхан, Буянт, Дарви сумынхан цаашилбал энэ сумуудаас хүнсний бүтээгдэхүүнээ хангадаг төв суурин газрын иргэд ч хордох эрсдэлтэй.
Халзан бүрэгтэйд өрөмдлөг хийсний улмаас ойр орчинд нь нутагладаг айлуудын мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх болсныг нутгийн иргэд хэлж байна.