ХДХВ буюу хүний дархлал хомсдолын вирусийн халдварыг ОХУ-ын иргэдээс манай охид бүсгүйчүүд авч, ХӨСҮТ-д хэвтжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ нь худал мэдээлэл, ОХУ-ын иргэд ирээд халдвар тараалаа гэхэд энэ хугацаанд олноороо оношлогдоод, эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүрэх боломжгүй гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн.
Үнэхээр ч ДОХ-ын вирусээр халдварласан ч илрэхгүй байх цонх үе гэж бий. Халдвар авснаас хойш 10-90 хоногт шинжилгээгээр илрэхгүй байх боломжтой учир дээрх мэдээлэл цаг хугацааны хувьд батлагдах боломжгүй юм.
Гэхдээ энэ нь тайвшрах өнцөг биш. Олон нийтийн сүлжээнд тарсан мэдээлэл одоогоор үндэслэлгүй ч манай улсад ОХУ-аас, тэр дундаа халдварын өндөр тохиолдолтой Эрхүү, буриадаас идэр насны залуус олноороо орж ирсэн байгаа нь “АНХААР” гэсэн дохиог өгч байгааг манайхан анхаараасай.
Манай улсад хамгийн сүүлийн үеийн баримтаар 341 хүн ДОХ-ын халдвар тээж амьдарч байгаа бол ОХУ-Д 1 САЯ 500 МЯНГАН халдвартай хүн байгаа гэсэн тоо бий. 2021 оны жилийн эцсийн статистикаар ОХУ-д 100 мянгад 48 орчим тохиолдол бүртгэгдсэн бол Эрхүү мужид 100 мянганд 99.6 тохиолдол буюу 2 дахин их тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Буриад улсад ч ОХУ-ын дунджаас илүү буюу 100 мянгад 51 ДОХ-ын тохиолдол бүртгэгдсэн байх юм.
Манай улсын халдвартай хүмүүсийн 82 хувь нь эрчүүд, тэдгээрийн дийлэнх нь гей юм уу бисекс бэлгийн чиг хандлагатай хүмүүс байгаа бол ОХУ-ын хувьд байдал арай өөр. Тус улсад ДОХ-ын халдвар хар тамхи хэрэглэгсдийн дундаас илүүтэй илэрдэг. Хар тамхичдаас биеэ үнэлэгч нар руу дамжиж, энэ нь цаашлаад нийт иргэд рүүгээ чиглэн тархаж байгаа нь аюулын харангыг ОХУ-д дэлдээд байгаа юм.
ОХУ-аас зүс төстэй олон буриад залуус нийслэлд орж ирсэн, олон нийтийн газруудаар үйлчлүүлж байгаа энэ цагт дайны хөлөөс дайжиж яваа тэднийг монгол зангаар хажиглаж хайрахгүй байх нь зөв. Гэхдээ энэ сайхан зангийнхаа ард ДОХ-ын халдварын тохиолдол өндөртэй газраас ирсэн гэдгийг байнга санаж сэрэмжилж яваасай. Олон нийтийн сүлжээ худал, үнэн мэдээллийг сэвэх шалгуургүй талбар болдог ч тэнд олж харах, ойлгож сэхээрэх, сэрэмжилж анхаарах олон мэдээлэл багтаж явдаг. ОХУ-аас ирсэн залуусыг цэнгээний газраас дагаж гарч яваа монгол охидын талаарх харамсал тээсэн пост, бүсгүйчүүдийг явуулахгүй ээрч зогсоод туслахаар очсон монгол залуугаас биеэ үнэлэгч хаанаас олж болохыг асуусан буриад залуусын талаар постууд “АНХААР” гэсэн дохиог монгол охидод өгөх ёстойг харуулж байна.
Дахин хэлье, найрсаг сайхан монгол зангийнхаа ард энэ бие, цаашлаад үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зөн совин, үүрэг хариуцлагаа тээж яваарай даа охид бүсгүйчүүд минь!!!