Оросууд бидний ах уу, дүү юү?

Эрт думдадын үед өнөөгийн бидний мэдэх томоохон газар нутагтай Орос улс байгаагүй билээ. 13-р зууны эх гэхэд Оросын нутаг дэвсгэр дээр арван хэдэн тархай бутархай вант улс л байсан. Бүгд бие даасан шинжтэй, өөрийн туг сүлдтэй, дор бүрнээ хувиа борлуулж, довоо шарлуулсан хэдэн хэсэг байж. Ван гэдгийг одоогийн ойлголтоор газар нутгийнхаа бага шиг хаан гэж ойлгож болно. Тэднийг монголчууд нэгтгэж өгсөн юм. Гэхдээ монголчууд “Та нар одоо нэгд!” гэж шуудхан тушаагаагүй боловч Алтан Ордны Улс, цаашлаад Монголын эзэнт гүрний хэмжээнд тэднийг нэгдмэл байдалд хүргэсэн гэсэн үг. Монголчуудын сүр хүчит довтолгоонд хэн нь ч тэсч үлдээгүй бөгөөд олуулаа нийлээд ч хүчин мөхөстсөн.
Оросыг бүрэн дагуулсан нь Бат хааны дэргэд их бага олон удаагийн тулалдаанд ялагдаж үзээгүй Сүбээдэй баатар, түүний хүү Урианхадай жанжин тэргүүтэй олон гарамгай жанжид байсан нь ялалтын үндэс байсан. Түүнчлэн байлдах арга тактик сайтай, цөс ихт эрэлхэг цэрэгтэй байсантай холбоотой. Энэ бол тусдаа яриа. Хэрвээ Оросууд тэр хэвээрээ байсан бол бие даасан, өөрийн гэсэн туг сүлдтэй улсууд хожим хойно ч өөрийн эрх мэдлээ хадгалан барихыг эрмэлзэх нь гарцаагүй байсан бөгөөд сайн дураар нэгдэх эсэх нь ч туйлын эргэлзээтэй байв.
Түүхэнд хэрвээ гэсэн үг байдаггүй. Оросуудын бахархал болсон Невийн хэмээх Александр Бат хааны хуурай хүү шахуу байсан гэхээр монголчуудын зангараг харагдаж байгаа юм. Хожим, монголчуудтай холбогдсон нөхцөлд л Оросын язгууртнууд эрх мэдэл эдэлдэг, тодорхой албан тушаалд хүрэх боломжтой байжээ. Улс орныг нь нэгтгэж өгсөн, удирдагчдыг нь тохоон томилж байсан анхны угшлаараа бол монголчууд яах аргагүй оросуудын ах гэгдэх бүрэн үндэстэй юм. Зөвхөн Орос ч гэлтгүй Хятадын олон хэсэг улсыг ч монголчууд л нэгтгэж өгсөн. Хятадууд энэ нөхцлийг ил тод ярьж, талархангуй хандлагаа илэрхийлдэг бол оросууд энэ нөхцлийг сөхөж ярихыг ч хүсдэггүй. Л.Гумилёв зэрэг цөөн тооны эрдэмтэд л үүнийг баримт судалгаатай хэлдэг байв.
Эдүгээ харин нөхцөл байдал 180 градус эргэсэн. Орос нь нэгдэж аваад Лениний үеэс хөгжлийн өөр үзэл баримтлалыг дагах болж, соц. системийг үүсгэснээс хойш капиталистуудтай өрсөлдөхийн тулд эрдэмтэд хийгээд цэргийн мэргэжилтнүүдээ сайтар боловсруулж, цэрэг техникийн хувьд бусдыг айлгаж түгшээхүйц болсон. Эдийн засгаа ч нэг хэсэг хүчтэй гараар барьж зохицуулсан. Тэд “зөөлөн” хүчний бодлого барьдаггүй, дан “хатуу” хүчний бодлоготой. Манай ардын хувьсгалаас хойш бидэнд тусалж, “орчин үежүүлэх” ажлыг хийж өгсөн.
Тэднийг бид нэг хэсэг бахархан дуурайсан. Эхний тохиолдолд оросууд гарцаа байхгүй бидний дүү нар байсан бөгөөд тэдний нэгдэх, цаашлаад хөгжих анхны том үндэс суурийг тавьж өгсөн улс нь бид юм. Харин хоёр дахь тохиолдолд оросууд бидний ядруу байх үед тусалж дэмжсэнээрээ ах гэгдэх эрхийг олсон хэрэг. Түүх бол маш урт удаан хугацааны үйл явц. Зөвхөн өнөөдрөөр юм бүхнийг хэмжинэ гэвэл дэндүү гэнэн хандлага болно. Бид ердөө л ирээдүй үеийнхээ өндөрт авирах шат нь шүү дээ. Тэд бидний ах уу, дүү юү? Юу гэх нь таны л хэрэг.
Д.ГҮН-ҮЙЛС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...