“Талын түрлэг” номын хурим боллоо

Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг” бүлгэм өнгөрөгч бямба гарагт “Пума империаль” ресторанд “Талын  түрлэг” номынхоо хуримыг хийлээ. 20-р зууны түүхийг бүтээлцэж, хөгжлийн хүрдийг хурдасгахад оройлон оролцсон 108 эрхмийн цадиг түүхээс бүтсэн энэхүү ном нь тус бүлгэмийн хоёр дахь удаагийн хамтын бүтээл юм.

No description available.

Уг бүтээлийн 108 баатраас өдгөө 28 эрхэм энх тунх аж төрж буй бөгөөд номын нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дамдинсүрэнгийн Шараа, Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ, Чүлтэмийн Батсайхан, АИХ-ын дарга асан, Сүхбаатарын одонт, Монгол Улсын гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав, “Чингис хаан” одонт, СГЗ, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Гомбожавын Мэнд-Ооёо, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, сэтгүүлч, тользүйч, МУСГЗ Цэрэндоржийн Дашдондов, Монгол Улсын гавьяат багш Сономын Дондог, Сүхбаатар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга асан Гомбожавын Улаан нар мөн зарим баатрын гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар ч хүрэлцэн ирж, дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа.

No description available.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, ЕТГ-ын ХМА-ны ажилтан Л.Итгэлтөгс нар оролцон баяр хүргэв.

“Талын түрлэг” ТББ-ын тэргүүн, номын ерөнхий редактор Э.Ирэхбаяр номын хуримыг нээж хэлсэн үгэндээ “20 дугаар зууны түүхэнд аймаг орон нутаг төдийгүй улс орон даяар хийсэн ажлаараа манлайлж, өөр өөрийн салбар чиглэлд өндөр амжилт үзүүлж, түүхэнд тод мөр үлдээсэн 108 эрхмийн цадиг түүхийг энэ бүтээлд баринтагласан. Тиймээс энэ бол зөвхөн сүхбаатарчуудын түүх биш, монголын түүх юм. Тухайлбал, Ардын хувьсгалын удирдагч Дамдины Сүхбаатар, Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав, Цэргийн яамны анхны сайд Лувсанжамбын Гомбосүрэн, Монгол Улсын анхны эмэгтэй сайд буюу Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Долгорын Пунцаг, Холбооны сайд асан Готов гуай гэхчлэн Монгол Улсынхаа хувь заяаг шийдэж, авч явж байсан олон түүхэн хүмүүсийн амьдралын замнал энэ номд бий. Тийм ч учраас энэхүү бүтээлийг монголын түүх гэж нэрлэж болох юм.” хэмээн онцолсон бол тус бүлгэмийн УЗ-ийн гишүүн, номын редактор Ж.Цэсэн “Хөрөг нийтлэл нь сэтгүүлзүйн жанрын хувьд маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг, амаргүй, бичлэгийн төрөл. 108 хүний, тэр дундаа олонх нь өнөөдөр бидний дунд байхгүй, уулзаж ярилцах боломжгүй байхад хөрөг нийтлэлийг нь бичиж ийм бүтээл гаргахад амаргүй байлаа. Бидний сэтгэл, хичээл, зүтгэл шингэсэн бүтээл маань уншигчдад хүрч байгаад баяртай байна. Ном бүтээлцсэн уран бүтээлчдэдээ, хөрөг нийтлэлээрээ энэ бүтээлд мөнхөрч, түүх бүтээлцсэн номын эрхэм баатрууддаа баярлалаа.” гэлээ.

No description available.

No description available.

Тус номын 28 зохиогчийн нэг, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Ж.Эрдэнэцогт “Номыг бүтээх явцад ийм сайхан хүмүүсийн түүхийг одоо л бичиж туурвихгүй бол хоцорч байгаа юм байна гэдэг нь анзаарагдсан. Олон жижиг горхи, голууд нийлээд их далайг үүсгэдэг шиг тал нутгийн жирийн малчин, ажилчны хүүхдүүд Монгол Улс гэж том нийгэмд ирж нийлсэн төдийгүй маш их үр бүтээлтэй ажиллаж, өндөр нэр төрийг олсон байна. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн түүх гол горхи мэт явсаар, Монгол Улс хэмээх том нуур, далайг үүсгэж байна хэмээн сэтгэж бичсэн. 108 хүний хөргийг уншихаар Монгол Улсын түүх, салбар салбарын хөгжил бүхэлдээ харагдах ач холбогдолтой.” гэв.

No description available.

АИХ-ын дарга асан Ж.Гомбожав “Зөвхөн монголчууд ч биш, хүн ер нь дэргэдэхээ сайн мэддэггүй юм шиг санагддаг.  Нэлээн нас ахисан хойноо, өнгөрсөн хойно нь дэргэдэхээ мэддэг. “Талын түрлэг”-ийн залуучууд маань бид бүхнийг амьд сэрүүн байхад ийм бүтээл туурвисан нь маш сайхан үйлс юм. Энэ номыг бүтээлцсэн бүх хүнд баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тус номын зохиогчдын нэг, мөн баатар нь болох “Чингис хаан” одонт, “СГЗ, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо “Энэ номыг санаачилж, энэ олон хүмүүсийг эрэн сурвалжилж, бүрхэг байсныг тод болгож, хамгийн хэцүү төрөл зүйлээр туурвисан уран бүтээлчдэд болон хөрөг дүрээ мөнхөлсөн хүмүүст баяр хүргэе. Найруулал бол сэтгүүлзүй, уран зохиол хоёр руу хоёулан руу нь яваад орчихдог. Сэтгүүлчдийг роман бичиж амжаагүй яваа зохиолч ч гэдэг. Хоёрдугаарт, ийм сайхан хөрөг найруулал сүүлийн үед ховордсон. Сэтгүүлзүй гэхээр голдуу ярилцлага, эрэн сурвалжлах гэж ойлгодог болсон. Хөрөг найрууллаар ийм сайхан хүмүүсийг товчоолохын хамт утга зохиолын нэг төрөл зүйлийг өөрсдөө эзэмшиж, товойлгож гаргаж ирж байгаад баярлаж байна” хэмээн номын ач холбогдлыг үнэлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ:

“1966 онд Улаанбаатар хотод Сүхбаатар аймгийн соёлын өдрүүд зохион байгуулагдсан юм. Ардын зураач Д.Амгалан гуай соёлын өдрүүдээр үзэсгэлэнд тавих “Жаахан шаргын нутагт” хэмээх алдарт бүтээлээ Алтан овооноос хойш 70-аад км зайд орших нэгэн сүүний фирм дээр бүтээсэн юм. Тэр зурган дээр хуур тэврээд сууж байгаа хүн бол миний аав Гомбожав, гэрийн шуулттай хаяагаар хэдэн хүүхэд хөлөө гозолзуулаад сууж байгаагийн нэг нь би. Толь бариад зогсож байгаа, дарьганга хувцастай эмэгтэй бол Дорнод талын “алтан гургалдай” дуучин Ш.Ичинхорлоо эгч юм” хэмээн алдарт бүтээл хэрхэн төрсөн талаар хуучлав. Энэ түүхийг сэтгүүлч Н.Уламбаяр түүний тухай хөрөг нийтлэлдээ дурдсан билээ.

No description available.

Энэ мэтчилэн нэгэн зууны түүхийг бүтээлцсэн 108 эрхмийн талаар эгэл энгүүн хэрнээ сонирхолтой түүхийг хүүрнэсэн, ховор чухаг баримтуудыг олж дурдсан “Талын түрлэг” бүтээлийн тэргүүн дэвтэр ийнхүү уншигчдын гарт хүрлээ. Уг цуврал бүтээлийн хоёр дахь дэвтрийг Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд зориулан бүтээж буйгаа номын зохиогчид хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...