Монгол Улсын төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, Төрийн ёслолын албаны анхны дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч Чулууны Батжаргал 2021 оны 11 сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Нордовдайчин овогт Чулууны Батжаргал нь 1946 оны 10 дугаар сарын 15-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрж, 1967-1973 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1990-1991 онд Италийн Флоренцын Их сургуулийг төгсөж, улмаар боловсролын магистр, профессор цол хүртжээ.
Тэрбээр Гадаад хэргийн яаманд дэд атташе, атташе, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, БНМАУ-аас ЗСБНХУ, Финланд Улсад суугаа ЭСЯ-нд атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Гэгээн ширээт /Ватикан/ Улс, Итали Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж, Монгол-Италийн харилцааг бүх талаар хөгжүүлэх, идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг байнгын болгох эхлэл тавигдахад бодит хувь нэмрээ оруулсан хүндэт дипломатч байлаа.
Ч.Батжаргал МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн Ёслол, үйлчилгээний тасгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын Ёслолын тасгийн дарга, Монгол Улсын Төрийн ёслолын албаны даргаар 14 жил ажиллахдаа Монгол Улсын Төрийн ёслолын албыг үүсгэн байгуулж, Монголын уламжлалт ёс жаягийг хүн төрөлхтний сонгодог ёслолтой уялдуулан монгол үндэсний өнгө төрхтэй орчин цагийн уян хатан ёслолыг буй болгоход бүтээлчээр хандаж, ардчилсан шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлалд Монгол төрийн ёс, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг нийцүүлэхэд чиглэсэн олон журам, дүрэм, түүний дотор “Монгол Улсын Төрийн ёслолын журам”-ыг боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулж, улс орны хэмжээнд мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулсан төрийн түшээ байсан юм.
Ч.Батжаргал төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг ард иргэдэд зөв ойлгуулах, сурталчлах, мөрдүүлэн хэвшүүлэх, төрийн дипломат ёс, төрийн алба, төрийн түшээ нарын ёс зүй, зан харилцааны соёл, үндэсний уламжлалт ёсны талаар “Ёс уу? Ёмбогор оо!”, “Төр төмбөгөр, Ёс ёмбогор”, “Эрхэм төрийн ёс-хүнд, Эерэвүү хүний жудаг их” ном, олон арван өгүүлэл, нийтлэл бичиж, телевизээр ярилцлага өгөх, хэлэлцүүлэгт оролцох, их дээд сургуулиудад лекц унших зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв.
Тэрбээр Монголын энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, Монгол-Италийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Итали хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх “Данте Алигьери” нийгэмлэгийн Монголын хорооны тэргүүний сонгуульт ажлыг хийж байсны зэрэгцээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монгол Улсын Консерваторид итали хэлний багш, зөвлөх профессороор ажиллаж байлаа.
Ч.Батжаргал итали, орос хэлнээс “Тоска”, “Богэма” дуурь, Патрик Ховартын “Хүннүгийн хаан Аттилагийн үнэн түүх”, италийн нэрт зохиолч Алберто Моравиагийн “Ромын өгүүллэгүүд” зэрэг олон өгүүллэг, найраглал, шүлэг, зөвлөлтийн зохиолч М.Задорновын хошин өгүүллэгүүд, Ф.Бокарев, М.Петров нарын шүлэг найраглалуудыг монгол хэлнээ орчуулж, уншигчдын хүртээл болгосны дээр Монголын соёл урлагийг гадаадад сурталчлах, Монгол-Италийн соёлын харилцааг хөгжүүлэх үйлсэд оюуны хандив өргөж, Д.Цэдэв, Н.Жанцанноров нарын 24 романс, Б.Шаравын “Чингис хаан” дуурийг итали хэлээр хөрвүүлжээ. Мөн худам монгол бичгээс “Чингис хааны товчоон” /2 боть/, “Амьдралын цэцэгс” зэрэг ном, Монголын ёс заншил, уламжлалын тухай олон тооны өгүүллүүдийг кирилл бичигт хөрвүүлсний дээр Монголын уран бүтээлчдийн тоглолт, үзэсгэлэнг гадаад улсуудад гаргах, Монголын дуурийн дуучдыг Итали Улсад сургах, дадлагажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан соёлын зүтгэлтэн байсан юм.
Төр, засгаас түүний хөдөлмөрийг үнэлж Засгийн газрын Хүндэт жуух бичиг, ардын хувьсгалын ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн Хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээжээ. Хоёр улсын харилцаанд идэвх зүтгэл гарган ажилласныг өндрөөр үнэлж, Оросын Холбооны Улсын “Найрамдал” одон, Вьетнам Улсын “Найрамдал” медаль, Итали Улсын “Эв санааны нэгдлийн их загалмай” одон, ОХУ-ын “Энх тайвны сан”-гийн алтан медалиар тус тус шагнаж байв.
Монгол Улсын Төрийн ёслолын албаны анхны дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Ч.Батжаргалын эрдэм мэдлэг, нөхөрсөг, зарчимч, бүтээлч, эгэл даруу бөгөөд эрхэмсэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдах болно.
У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Д.БАТ-ЭРДЭНЭ, Н.НАРАНБААТАР, Ц.НЯМДОРЖ, Б.БАТЦЭЦЭГ, Ж.БАТБАЯСГАЛАН, Д.СУМЪЯАБАЗАР, Б.БАДРАА, Р.СЭДДОРЖ