Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэл хийлээ. 2022 оны улсын төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, шинэ сэргэлтийн эдийн засгийн бодлого зэргийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлав. Өнөөдөр 2022 оны улсын төсвийн хуулийн төслийг Сангийн яамнаас хуулийн хугацаанд Засгийн газарт танилцуулжээ.
-Ирэх оны төсөв юунд чиглэгдэх вэ?
-Ирэх оны төсөв ковидын дараах үеийн эдийн засгийн сорилттой холбоотой. Өдөр тутам тодорхойгүй асуудал дагуулж байна. 2022 онд эдийн засгийн сэргэлт ирнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийлээ. Төсвийн шинэчлэлийн ажлуудыг хийнэ. Эдийн засгийн тэлэлтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Бизнесийг дэмждэг хөрөнгө оруулалтаа дэмжинэ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлуудыг ирэх жил хэрэгжүүлнэ. Ирэх онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулна.
-Төсвийн алдагдал, хөрөнгө оруулалтыг хэрхэн зохицуулсан бэ?
-Эхлээд төсвийн алдагдлаа тооцож, зохицуулсан. Хөрөнгө оруулалтын тал дээр онцгой анхаарсан. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэгдүгээрт тавьж байгаа. Өнөөдөр зөвхөн танилцуулга хийж байна. 10 дугаар сарын нэгэнд Засгийн газар улсын төсвөө боловсруулаад УИХ-д өргөн барина. Урсгал зардлыг хэмнэсэн байгаа.
-Хүүхдийн мөнгийг үргэлжүүүлж 100 мянган төгрөгөөр нь олгох уу? Төр дулаан, цахилгааны төлбөрийг ирэх жил төлөхөө зогсоох уу?
-Цахилгаан, ус, дулааны төлбөрийг 12 дугаар сарын 31-нийг хүртэл төр хийж байгаа. Үүгээр дуусгавар болгоно. Хамгийн том зардал болох хүүхдийн мөнгө бий. Хүүхдийн мөнгийг ирэх жилд 20 мянган төгрөг буюу ковидийн өмнөх түвшинд байлгана гэж улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хийсэн. Гэхдээ төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг олгохоор тусгасан. Хүүхдийн мөнгийг бид ирээдүйн өв сангаар баталгаажуулна гэж тооцсон. Хөрвөх чадваруудыг гаргаж, халамжаас нь хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно. Энэ нь хуримтлалыг дэмжиж байгаа.