Улаанбуудайн арилжаанд хэрхэн оролцох вэ?

Тариаланч та энэ жилээс эхлэн улаанбуудайгаа биржийн арилжаанд оролцон зарах боломжтой боллоо. Хөдөө аж ахуйн бирж нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хүнсний буудай техникийн ерөнхий шаардлага MNS стандартыг мөрдөх учраас худалдагч, худалдан авагч нарын хооронд чанартай холбоотой маргаан гарахгүй юм.

Хэрэв та өөрийн агуулахад чанар стандартыг тогтоох боломжгүй бол байнгын харьцдаг гурилын үйлдвэр эсвэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн лабораториор чанарыг тогтоолгож, итгэмжлэгдсэн агуулахаас арилжаанд оролцох бүрэн боломжтой.

Энэ жилийн хувьд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахад буудайгаа хадгалуулснаар хадгалалт болон цэвэрлэгээний төлбөрөөс чөлөөлөгдөж, хатаалтын зардлыг тодорхой хэмжээгээр хөнгөлж байгаа. Таны хураасан буудайг тээвэрлэх болон хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А-80 дугаар тушаалаар батлан мөрдүүлсэн аргачлалыг баримтлан тооцож байгааг анхаараарай. Итгэмжлэгдсэн агуулахад улаанбуудайгаа хадгалан, чанарыг тогтоолгож лабораторийн дүгнэлт гаргуулан авснаар тариаланч та биржээр арилжаалах эрхтэй болно. Ингэснээр зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлээд зогсохгүй борлуулалтын олон суваг, санхүүгийн бүртгэлтэй болох юм.

Арилжааны бэлтгэл ажлын үед та Хөдөө аж ахуйн биржийн мэргэшсэн брокерын компанитай зуучлалын гэрээ байгуулж биржийн брокерын системд бүртгэл үүсгэж өөрийн бараа, түүхий эдээ зарах захиалгыг өгнө. Биржийн арилжааны онцлог нь брокерын компаниар дамжуулан хийгддэг болохыг сайтар ойлгох хэрэгтэй.

Брокер нь хоёр талыг холбож мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа тул талуудын хийсэн арилжааны үнийн дүнгээс 0.1 хувийн шимтгэл авна. Харин Хөдөө аж ахуйн бирж худалдан авагч тал, худалдаж байгаа талуудын хийсэн арилжаанаас мэргэжлийн үйл ажиллагааны шимтгэл авдаг хэдий ч улаанбуудайн арилжааны шимтгэлийг мөн ТЭГЛЭСЭН нь энэ жилийн нэг давуу тал юм.

Гурилын үйлдвэр ч мөн адил биржийн мэргэшсэн брокерын компанитай зуучлалын гэрээ байгуулан бүртгэл үүсгэж худалдан авах захиалгаа өгнө. Арилжаанд оролцохдоо тухайн өдөр худалдан авах нийт үнийн дүнгийн 10 хувийн дэнчинг биржийн дансанд байршуулснаар арилжаанд оролцох эрх нээгдэх юм. Энэ нь төлбөр тооцооны найдвартай байдлыг хангаж байгаа арга.

Биржээр улаанбуудайг арилжаалснаар зах зээлийн чөлөөт үнийн тогтолцоо руу шилжиж, үнэ тогтоох үйл ажиллагаа хөндлөнгийн нөлөөгүйгээр явагдана. Хөдөө аж ахуйн биржийн арилжаа нь тариаланч таны бараа түүхий эдийн худалдах тоо хэмжээ, үнийг бирж дээр байршуулж худалдан авах тал үүнийг зөвшөөрснөөр талуудын хооронд брокер худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг зохион байгуулна. Хоёр тал бараа түүхий эд хүлээлцсэн акт үйлдэх, буудайн чанарыг эцэслэн магадлах ажиллагаа хийгдсэнээр тариаланч таны дансанд гэрээний төлбөр шууд орж худалдан авагч таныг чанар стандартын шаардлага хангасан бараа түүхий эдээр хангах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ