Ховд аймаг байрлах Хөшөөтийн нүүрснийуурхайд тээвэр хийж буй орон нутгийн жолооч тээвэрчдийн төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлээс “Мо-Эн-Ко” ХХК тээврийн хөлсөө цаг хугацаанд нь олгодоггүй, норм хэмжээг нэмэгдүүлэх, зам засварыг сайжруулах, тээвэрчид эд хөрөнгө, эрх ашгаараа хохирч байгаа зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардан аймаг орон нутгийн удирдагуудад “ШААРДЛАГА” хүргүүлсэн.
Эсэргүүцлийн тайван жагсаалыг аймгийн төв талбай болон Хөшөөтийн уурхайд зохион байгуулав. Тээвэрчдээс тавьж буй хэд хэдэн заалт бүхий албан шаардлагыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч өчигдөр /09.04/ Хөшөөтийн уурхайд зохион байгуулсан жагсаалд оролцов. Тэрбээр, аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувьд тээвэрчид, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Мөн 09 дүгээр сарын 05-07-ны хооронд тээвэрчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа зэрэг хэд хэдэн асуудлаар хуулийн хүрээнд хяналт шалтгалт хийлгэхээр чиг үүрэг бүхий мэргэжлийн 10-аад байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг томилж удирдамжийн дагуу ажилд нь оруулав. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж ирэх 7 хоногийн эхээр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. Улмаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн Хөшөөтийн нүүрсний уурхайг хаах, эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргаж ажиллах юм байна.