Кино театрууд нээгдэхийг тэсэн ядан хүлээж байсан үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж, ярианы гол сэдэв болоод байгаа “Гэгээн учрал” уран сайхны киногоороо уран бүтээлийн гараагаа нээж буй “ЗЭВ ФИЛЬМ”-ийн залуусын тухай мэдээлэх болов. Их сургуулиа дөнгөж төгссөн жүжигчин залуусын анхны уран бүтээлд үзэгч олон ам сайтай байгаад гайхах зүйл байсангүй. “Хайр” гэдэг дундарч, шавхагдашгүй мөнхийн сэдвийг их энгийн атлаа, мөн ч нандин харуулж чадсан “Гэгээн учрал” уран сайхны кино үзэгчдийг инээд хөөр бас нууцхан нулимстайгаар кино театрын танхимаас гаргаж байна. Урьд өмнө нь үзэгдээгүй шинэ дүр төрх, уран бүтээлч залуусын монгол ахуйлаг сэтгэлгээ үзэгчдэд таалагдсан нь дамжиггүй юм. Киноны постер, трейлер мөн дээрээс нь “Чоно” хамтлаг болон дуучин Сэрчмаа нарын дуугаар киногоо чимсэн “ЗЭВ” фильмийн залуусын дараагийн уран бүтээл сонирхол татаж, хүлээлт үүсгэж эхэллээ. Энэ талаар “Гэгээн учрал” УСК-ны гүйцэтгэх продюсер З.Тэмүүжинтэй хөөрөлдлөө.
-Анхны уран бүтээлээ үзэгч олонд хүргэж байгаа ZEV film-ийн талаар үзэгчид их сонирхож байна. Бидэнд өөрсдийгөө болон фильмийнхээ талаар танилцуулаач?
-Манай фильм анх 2020 оны хавар СУИС-ийн 3-р курсийн оюутнууд өөрсдийн хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлээрээ нийлээд “ЗЭВ” гэдэг нэрийг өгөөд байгуулагдаж байсан. Анх бид нар богино хэмжээний кино хийе гэж ярьдаг байсан юм. Тэгээд одоо манай “Гэгээн учрал” киноны маань зураглаач, найруулагч болох Буугий ахтайгаа ярилцаад “Буразазу” гээд action кинон дээр ажиллаж анх уран бүтээлээ эхэлж байсан. “Буразазу” гэдэг маань болохоор ах дүүс гэдэг утгатай япон галигаар бичсэн үг. Тэгээд кино зураг маань явж байгаад 50 хувьтай зогссон. Учир нь санхүү, төсөв мөнгөний асуудал бидэнд маш их тулгарсан. Тэгээд уг киногоо зогсоогоод бид нар яг яах вэ, ямар уран бүтээл хийвэл үзэгчид хүлээн авч, бид нар яавал бага төсөв мөнгөөр сайн уран бүтээл хийх бол гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд тэрний үндсэн дээр энэ “Гэгээн учрал” гэдэг киноны зохиолыг манай Дашдолгор, Алтангэрэл нар бичээд киноныхоо зураг авалтад гарсан. Зураг авалт маань зун өвлийг дамнаж хийгдсэн. Одоо ингээд кино театруудад нээлтээ хийж, үзэгч олонд хүрч байгаад их баяртай байна.
-Нээгдээгүй удсан кино театруудын намар цагийн монгол киноны нээлт болж “Гэгээн учрал” уран сайхны кино гарч эхэлсэн. Анх энэхүү киног хийх болсон эхлэлээс өдийг хүртэлх цаг хугацаанд буй болсон зүйлсээ эргээд харахад ямар сэтгэгдэл, ямар мэдрэмж төрж байна вэ?
-Хоёр жилийн турш кино театрууд ажиллаагүй байж байгаад одоо ингээд нээгээд, тэгээд үзэгчид маань манай киног маш их үзэж байгаад бид нар их баяртай байгаа. Кино театруудаар гарч байгаа ганц монгол кино болохоор үзэгчид их сонирхож, бас залуу шинэ уран бүтээлчид, өмнө нь харагдаж байгаагүй жүжигчид, шинэ дүр төрх байгаа учраас хүмүүст их сонирхолтой байх шиг байна лээ. Анх бол бүрэн хэмжээний кино хийнэ гэдгээс их айж байсан. Буугий ах маань бид нарыг дэмжиж, хурцалж, “бүгдээрээ томыг харж, томыг сэтгэж байж л жижиг чулуунд бүдэрнэ” гэдэг үг байдаг тэгэхээр хэдүүлээ зоригтой байх хэрэгтэй , энийг хийж чадна гээд л биднийг үргэлж зоригжуулж байсан. Тэгээд маш хэцүү ковидийн цаг үед л бид нар уран бүтээлээ хийсэн. Больчихмоор ч санагдаж байсан үеүд гарч байсан. Бүр хоорондоо муудалцаж ч байсан. Ер нь бол тэгээд маш их зүйл болж байж энэ уран бүтээл маань гарсан. Тийм учраас хамгийн нандин, хамгийн сайхан дурсамж үлдээсэн цаг мөчүүдийг бид нар хамт өнгөрүүлсэн. Цаашдаа хэн нь ямар үүрэг гүйцэтгэж ажиллах вэ гэдэг чухал зүйлийг хүртэл бид нар энэ уран бүтээлээрээ олж, мэдэж авсан. Ер нь бол энэ уран бүтээл дээр ажиллахдаа бид нар маш их туршлага олж авч чадсан.
-Тэгэхээр “Зэв” фильмийн уран бүтээлчид бүгд жүжигчин мэргэжилтэй. Тэгсэн хэрнээ өөрсдөө кино зохиолоо бичээд, найруулаад хийсэн гэхээр залуу уран бүтээлчдийн хувьд бахархууштай санагдаж байна. Зураг авалтын үеэр хөгжилтэй бас хүндрэлтэй зүйлс их тохиолддог шүү дээ. Тэр тухайгаа бидэнд хуваалцаач.
-Жүжигчин гээд ганцхан жүжигчнээрээ ажиллаад яваад байна гэдэг бол өрөөсгөл ойлголт. Кино гэдэг маш олон хүний хүч хөдөлмөр шингэж байж бий болдог зүйл учраас жүжигчнээсээ гадна бид нар давхар нэг, нэг үүрэг гүйцэтгэж байсан. Ингэснээр бид нар өөрсдөдөө шинэ чадваруудыг олж авч чадсан. Энэ нь бидний хувьд маш том ололт байсан. Өөрсдийгөө өөр өнцгөөс харж, юу хийж чадах вэ гэдгээ бага ч болтугай мэдэж авсан даа баяртай байгаа. Зураг авалтын үеэр хөгжилтэй бас хэцүү зүйлүүд их тохиолдсон. Яагаад гэвэл шинэ гарч ирж байгаа олонд танигдаагүй залуу уран бүтээлчид учраас энд тэнд объектууд олоод очоод уулзахаар жоохон зөвшөөрдөггүй ч юмуу, ер нь тиймэрхүү хүндрэлтэй асуудлууд гарсан үеүд бий. Гэхдээ бид энэ уран бүтээлийн маань ард маш сайхан зүйл биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж, хүсэл зорилго нэгтэй байсан учраас энэхүү уран бүтээлийнхээ ард гарч чадсан гэж бодож байна.
-Монголын кино урлагт дараагийн шинэ өнгө төрх, шинэ баг, шинэ уран бүтээлүүд бий болохнээ гэж бодож байгаа. Цаашдын төлөвлөгөөнийхөө талаар сонирхуулж болох болов уу?
-Бид дөнгөж л эхэлж байна. Мэдээж цаашдын уран бүтээлүүдийн төлөвлөгөө гарсан. Тэр бүхнийгээ тоочих хэрэггүй байхаа гэж бодож байна. Харин нэг юмыг амлаж хэлэхэд бид цаашдаа үзэгч олондоо уран бүтээлүүдээ тасралтгүй хүргэх болно.
-Ярилцлагынхаа төгсгөлд үзэгч, уншигч олонд хандаж үг хэлээсэй гэж хүсч байна вэ?
-Оюутан байхдаа сэтгэл зүрх, мөрөөдлөөрөө л нийлсэн манай багийнхний ард бидэнд үргэлж тусалж, дэмжиж байсан маш олон хүн бий. Тэр бүх хүмүүсийн ачаар бид киногоо хийж чадсан. Үзэгчид ч кинонд маань их ам сайтай байгаа. “Хөөрхөн кино байна, Дараагийн бүтээлийг хүлээж байна” гэх мэт сайхан сэтгэгдлүүд үзэгчдээс маань манай фейж хуудсанд маш ихээр ирж байгаа. Манай киног үзэж байгаа нийт үзэгчиддээ маш их баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна. Харин үзээгүй байгаа бол үзээрэй гэж бас хэлье.“Гэгээн учрал” кино маш энгийнээр хүний сэтгэл рүү яаж хүрч болох вэ гэдгийг л харуулхыг зорьсон. Мэдээж хайр бол кино урлагийн мөнхийн сэдэв. Гэхдээ бид залуу үеийнхэндээ хандаж “Хайр гэдэг маш хүчтэй зүйл. Их нандин зүйл” гэдэг мессежийг л хүргэх гээд байгаа юм. Мөн бид залуу хүмүүс гэхээрээ л туршлагагүй, чанаргүй уран бүтээл хийдэг гэдэг ойлголтыг үгүйсгэж залуу хүмүүс ч бас сэтгэл зүрхээрээ нэгдэж, хамтарч уран бүтээл хийж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг маш их хичээсэн.