Нью-Йоркийн шүүхийн гэх хэргийг улс төрийн зорилготойгоор анх үүсгэж шүүхэд үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв шар мэдээлэл хамж өгсөн байдаг. Гадны шүүхэд хандахдаа гадны өндөр үнэтэй “Кинг энд Спалдинг” хуулийн фирмийг хөлсөлж, Монголд болохоор “Гадны шүүхэд шалгагдаж байна” гэх гүтгэлэг бүхий мэдээллийг зориуд сэвэх болсон. Энэ шүүхийн хэрэг хэрхэн шийдэгдэв гэх мэдээллийг баримтаар хүргье.
Нью-Йоркийн шүүхээс үзэхдээ 2020 оны 12.02-ны өдрийн царцаах шийдвэрийг тус шүүхээс бүрэн цуцалж байна. Нэхэмжлэгчид болох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хариуцагч Сүхбаатарын Батболд нарт холбогдох дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг аль ч талд аливаа хохирол, зардалгүйгээр бүхэлд нь зогсоож байгааг мэдэгдэж байна гэж Нью-Йоркийн шүүхээс 2020 оны 12.09-ний өдөр албан ёсоор мэдэгдэж байжээ.
Шүүхэд хандсан итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Насанбат прокурор болон “Кинг энд Спалдинг” ХХК нь маргаан эцэслэн шийдэхээс өмнө нэхэмжлэлээ татан авч, шүүхээс гомдлоо зогсоож байгаагаа ч мэдэгдсэн байна. Ингээд 2020 оны 12.09-ний өдрөөр бүрэн дуусгавар болж Нью-Йоркийн шүүхийн хэрэгт хамааралгүй болжээ. Улмаар “Кинг энд спалдинг” хуулийн фирмээс 2021 оны 01 сарын 19-ны өдөр өөрсдийн нэхэмжлэлээ сайн дураараа татсанаар энэ хэрэгт холбоотой бусад хүмүүст хамаарах хэрэг ч хаагдаж, гомдлыг шалгах шүүхийн явц бүрэн зогссон байна.
Анх Нью-Йорк мужийн шүүх Ц.Насанбат нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд мэдээллийг тавьснаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа өнгөрсөн хугацаанд огт явагдаагүй байдаг. Үүнийг нь Монголд гадны шүүхэд гэмт буруутайн улмаас шалгагдаж байна гэх мэтээр зориуд гуйвуулсан худал мэдээлэл цацаж, бусдын нэр төрд халдах болсон. Тухайн үед Нью-Йоркийн шүүх шүүхийн сонсголоор хянаж үзээд “хэлэлцэх үндэслэлгүй” гэж шийдвэрлэж байжээ. Гомдол гаргагч талаас өөрсдөө ч шүүхээс нэхэмжлэлээ татаж байна гэдгээ мэдэгдсэнээр Нью-Йоркийн шүүхийн хэрэг бүрэн дуусгавар болж хэдийнэ хаагдсан.
Энэ хэргийг анх Монголын талаас төмөр замын хэрэгт холбогдож байсан хуульч Ж.Майзориг гэгч хаа хамаагүй энд тэндхийн элдэв шар мэдээллийг ”Кинг энд Спалдинг” хуулийн фирмд боож өгсөн нь баримтаараа нотлогдсон бол “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат, УПЕГ-т нууцлаг хэрнээ өндөр албан тушаал хашдаг Мойл Отгонжаргал нар хандсан байсан нь анхаарал татдаг. Мойл Отгонжаргал нь Ерөнхийлөгчийн хувийн туслахаар ажиллаж байсан. Ц.Насанбат прокурор нь С.Эрдэнэд нэр бүхий улстөрчийн захиалгаар хэргээр наймаалцах санал тавьж байсан прокурор. Анхнаасаа шүүхэд өгсөн мэдээлэл нь гүтгэлгээр дүүрэн худал байсан учраас нэхэмжлэгч тал өөрсдөө ч татан авч, шүүх ч авч хэлэлцэхэд үндэслэл муутай хэрэг гэж үзсэн. Өдгөө Нью-Йоркийн шүүхийн хэрэг хэдийнээ хаагдсан. Ийм байтал манайд зорилготойгоор бусдын нэр хүндийг харлуулан гутааж гүтгэлэг бүхий мэдээллийг гаргасаар байгаа бололтой.
Б.САРУУЛ