Израил Улсын Элчин сайдын яам, Израилын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/ КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад хандив өглөө.
20,000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хүлээн авах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулагдав.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов. Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед тус улсаас үзүүлж байгаа энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж байна.
Тус ЭСЯ тусламжийн барааг Улсын Онцгой комисст хүргүүлнэ.