Авлигын эсрэг хуулийн10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, 10.4-т “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж заасан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар ХОМ-ээ үнэн зөвөөр гаргаж өгөөгүй гэсэн асуудалд орж болзошгүй болоод байна.
С.Ганбаатар нь 2012-2016 онд ХОМ-тээ өөрийн цалингийн орлогыг12,5-32,3 сая төгрөг, үйл ажиллагаа, хөрөнгө, бусад гэсэн нэмэлт орлогоор 2,5-10 сая төгрөгийг мэдүүлсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах 30 метр квадрат талбай бүхий нэг орон сууц, 2015 онд эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр бүртгэлтэй “Байгууллагын хөнгөлөлтөөр авсан” гэх тайлбартай хоёр ширхэг орон сууц мэдүүлжээ. Мөн Toyota RAV-4 маркийн нэг ширхэг автомашин, 3,5 сая төгрөгийн үнэлгээтэй өвлөж авсан нэг ширхэг хөөрөг , үхэр, хонь, адуу нийлсэн 80-89 толгой мал, авлагагүй, аж ахуйн нэгжгүй гэсэн байдаг. Зээлийн тухайд 2013 онд “Хас” банкнаас 41,7 сая төгрөгийг 15 жилээр авсан. 2014 онд “Ариг” банкнаас 60 сая төгрөгийг хоёр жилийн хугацаатай авсан гэж мэдүүлж байв.
Харин 2019 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр хөрөнгө орлогоомэдүүлэхдээ гэр бүлийн орлогыг 31,8 сая төгрөг, нэг орон сууцтай гэжээ. Эхнэрийнх нь нэр дээр байдаг гэх 2 орон сууцыг “алга” болжээ. Автомашин гурван ширхэг буюу Toyota LC-100 маркийн хоёр машин нь эхнэр Б.Тунгалагийнх нь нэр дээр бүртгэлтэй боловч “Хүнийх” гэж тайлбарласан байна. Үнэт эдлэлийн тухайд 20 сая төгрөгийн үнэлгээтэй хөөрөг нэг ширхэг, 4-7 сая төгрөгийн үнэлгээтэй хазаар, хэт хутга, мөнгөн аяга, өөрийн болон эхнэрийн нэр дээр нийт 1,2 сая төгрөг, гурван хүүхдийнхээ нэр дээр нийт 49 сая төгрөгийн хадгаламжтай, авлага, зээл байхгүй гэжээ. Түүнчлэн “Цэцэн буурьхан” ХХК, “Баршим” ХХК-уудыг эхнэр Б.Тунгалаг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. С.Ганбаатарын ХОМ-тээ мэдүүлсэн “Цэцэн буурьхан” ХХК /6327958/ 2018 оны долдугаар сарын 10-нд хүнсний дэлгүүр, гадаад худалдаа, интернэт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан байна. “Баршим” ХХК /6121209/ нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр 2016 оны арваннэгдүгээр сарын 11-нд байгуулагдсан. Энэ компанийг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг, П.Оюунгэрэл нар эзэмшдэг.
С.Ганбаатарын ХОМ-ийн хөдөлгөөнийг харахад тэрээр одоо болтол 2002 онд худалдаж авсан Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах 30 мкв орон сууцандаа амьдардаг ажээ. Түүний 2013 онд байгууллагын хөрөнгөөр худалдаж авсан гэх тайлбартай Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах хоёр ширхэг орон сууц нь ХОМ-д нь бүртгэгдээгүй байгаа юм. Тэрхүү хоёр орон сууцаа 2016 оны зургадугаар сард худалджээ. Харин орон сууцыг худалдаж авсан эх үүсвэр нь тодорхойгүй байгаа ажээ. Энэ талаар ХОМ-т мэдүүлсэн орлогодоо огт тусгаагүй байна.
Гэтэл С.Ганбаатар нь Авлигын эсрэг хуулийн 13.7-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй”, 13.8-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Ингэхээр мөн хуулийн 13 дугаар зүйлийн13.2-т “УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэсний дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой энэ хуулийг зөрчсөн гэх асуудал үүсч мэдэхээр болсон байна.
Үүнээс гадна С.Ганбаатартай холбоотой ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг найман компанийн асуудал гарч ирж байна.
– “Андискауред монголиа” ХХК /2716208/. Энэ компани аялал жуулчлаын чиглэлээр ажилладаг. 2005 оны арваннэгдүгээр сарын 17-нд байгуулагдсан. С.Ганбаатар 10 хувь, эхнэр Б.Тунгалаг нь 90 хувийг эзэмшдэг.
-“Гурван анаг” ХХК /3001679/, тус компанийг 2008оны тавдугаар сарын 2-д бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулсан. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 50 хувийг эзэмшдэг. Түүнээс гадна Б.Балжинням, Б.Туул нар хувь эзэмшдэг.
-“ Дархан ургах наран зүг” ХХК /5955486/-ийг 2010 оны хоёрдугаар сарын 3-нд байгуулсан. Гадаад худалдаа, Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, Аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлтэй. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 50 хувийг, Ц.Ууганбадрах үлдэх хувийг эзэмшдэг.
-“Альпс ПНҮ” ХХК /6343139/-ийг 2018 оны наймдугаар сарын 30-нд байгуулжээ. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 50 хувийг эзэмшдэг. Бусад хувийг Д.Очбадралт, Б.Уянга нар эзмшдэг. Энэ компани Хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, Гар утасны худалдаа, Гадаад худалдаа, Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг.
-“Ворлд плас файв” ХХК /6317618/-ийг 2018 оны зургадугаар сарын 7-нд Худалдааны зуучлал, Гадаад худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Интернэт худалдааны чиглэлээр байгуулсан. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 18 хувийг эзэмшдэг. Үлдэх хувь нь Б.Цээпилдорж, Д.Баярмаа, М.Бат, Ж.Энхжаргал, М.Ариунаа, Э.Энхмөрөн нарт байдаг.
-“Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК /6168256/-ийг 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд Б.Тунгалаг 20 хувийг нь, Б.Баярбаатар, Д.Баасанхүү, Б.Баатар, О.Өнөржаргал нар бусад хувийг эзэмшиж байгуулсан байна. Энэ компани Гадаад худалдаа, Хүнсний дэлгүүр, Мал аж ахуй эрхлэх, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Фермерийн аж ахуй, Уран сайхны кино хийх, Зар, сурталчилгааны хийх, Худалдааны зуучлалын чиглэлээр ажилладаг.
-Мөн 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Боорчи баатар” ХХК /6168442/-ийг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 30 хувийг, О.Батжаргал, Б.Болд нар бусад хувийг эзэмшиж, Гадаад худалдаа, Гар утасны худалдаа, Үнэт эдлэлийн худалдаа, Торго, бөс, даавууны үйлдвэрлэл, худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулсан байна.
-“ Адвант трейд” ХХК /6279163/-ийг 2018 оны хоёрдугаар сарын 23-нд С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 95 хувийг, Н.Ганцэцэг таван хувийг эзэмшин Гадаад худалдаа, Интернэт худалдаа эрхлэх зөвшөөрөлтэйгээр байгуулжээ.
Эх сурвалж: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ