УИХ хэдэн золбинтой вэ, Б.Дэлгэрсайхан гишүүн ээ?

Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Замын-Үүдэд тээвэр хийж амьдралаа залгуулдаг жолооч нарыг Золбин гэж доромжилсон бичлэг цахим орчинд цацагдав. Ингэхдээ тэрбээр улсын үүд болсон Замын-Үүдийн бүх жолоочийг золбин гэсэнгүй. Дорноговиос бусад аймаг, сум сууринаас ирсэн жолооч нар л золбин, тэд корона чирч ирнэ гэж тодотгов. Бизнесмэний ширээнээс төрийн эрх барих дээд байгууллагад хоёронтаа сонгогдсон энэ эрхэм улс төрд орохдоо сэтгэцээ шалгуулаагүй нь тодорхой боллоо.

Хууль тогтоох ажил хийдэг хүн өөрөө хууль зөрчигч, бусдын алдар хүндийг гутаагч, ялгаварлан гадуурхагч гэдэг нь хоёрхон үгнээс нь танигдав. Үндсэн хуульд зааснаар бол Монгол Улсын иргэн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй. Үүнээс гадна хэнийг ч нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхахыг хатуу хориглож өгсөн нь бий. Үндсэн хуулийн эдгээр заалтуудаас үзвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусдыг ялгаварлан гадуурхсан хэрэг үйлджээ.

Нөгөө талаас Б.Дэлгэрсайхан зөвхөн нутагтаа хайртай, нутгийнхаа жолооч нарыг хайрладаг, эсвэл хайрладаг дүр үзүүлдэг байж болох ч УИХ-ын гишүүн болоод “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гээд тангараг өргөчихсөн.

Эндээс харвал Б.Дэлгэрсайхан гэх гишүүн нийт иргэний эрх ашгийг лав хөсөр хаяжээ. Түүнийхээр бол бүх жолооч тэгш эрхтэй, гэхдээ Замын-Үүдэд Дорноговийн жолооч нар илүү эрхтэй, бас золбин биш гэж үздэг болж таарлаа. Тавантолгойд нүүрс тээвэр хийж ар гэрээ авч яваа газар газрын жолооч нарыг бас л золбин, корона тараагчид юмуу. Амьдрал хөөж яваа 1000 жолоочийг золбингоор нь дуудсанаараа Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүнийхээ тангаргаас няцлаа. Үндсэн хуульд тангарагласан юм чинь ялгаварлан гадуурхсаныхаа төлөө хуулийн хариуцлагаа хүлээх нь шударга ёсонд нийцнэ.

Ер нь тэгээд өөр аймаг, сумаас ирснийхээ төлөө золбингоороо дуудуулдаг юм бол Улаанбаатараас 800 орчим км-ийн цаанаас Төрийн ордонд ирж тухалсан эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан өөрөө ч золбины тоонд орж таарна. Ер нь УИХ-д хөдөөгийн тойргоос сонгогдоод Төрийн ордон бараадсан УИХ-ын даргааасаа авахуулаад 50 гаруй гишүүнийг золбин түшээ гэж олйгож болох нөхцөл үүслээ.

УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх хуультай ч Дорноговьд очиж донгоссоныхоо төлөө бол хариуцлага хүлээх л учиртай. Төрийн өндөр албан тушаалтны хувьд Замын-Үүдэд тээвэр хийдэг жолооч нараас нэн даруй уучлал гуйж, хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол золбингоороо дуудуулсан хүмүүс зүгээр суухгүй нь лавтай. Түшээдийн нүдэнд сонгогчид нь л хүн болж харагдаад, бусад нь хог шаар юм гэж үү. Энэ эсвэл түүнийг нэр дэвшүүлсэн МАН-ын байр суурь, бодлого, хандлага юмуу?

Б.ТҮВШИНТӨГС

15 СЭТГЭГДЭЛ

  1. Яг үнэн.Яривал их юм өгүүлж байна шүү,энэ эрхэм гишүүний үг.Түүний төлөө саналаа өгснөөс бусад нь золбин юм байна л даа.

  2. Бусад оронд бол хэлсэн үгэндээ уучилалт гуйгаад шууд огцордог ясны үнэнч шударга улс төрчид байх юм. Монгол улсад хүний амьдралыг үгүй хийчихээд улирч сонгогдоод улам баяжаад байх юм. Ард иргэд нь аймаг хотоороо хамаатан болчихсон амиа бодсон жалгын хүмүүжилтэй учир хөгжихгүй нь үнэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ