Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан юм. Уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогтыг томиллоо.
Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилох УИХ-ын даргын захирамжийг танилцуулсан. Тус асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан санал оруулж ирснийг дэмжиж байна. Бусад гишүүд тус ажлын хэсгийг ахлахыг хүсч ил, далдуур маш их хөөцөлдсөн. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг удирдсан, Шүүхийг шинэчлэх хуулийг мөн удирдаж байна, Хуульзүйн байнгын хороог ч удирдаж байна. Хууль зарчмаа хамгаалахын тулд хариуцлага хүлээх хүн нь ажлын хэсгээ ахлах нь зөв” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хууль зүйн байнгын хорооны дарга ахлахгүй хэн ахлах юм. Энэ яг л хариуцлагаа үүрсэн албан тушаалтан ш дээ. Би 2014-2016 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тэгэхэд би бүх л ажлын хэсгийг ахалж байсан. Яагаад гэхээр хариуцлагаа дараа нь хүлээдэг. Тэр тусмаа С.Бямбацогт даргыг ахал гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж хараат бус шударга шүүхтэй болох, Шүүхийн ерөнхий зөвлөл Сахилгын хороо байгуулах асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгуулж батлуулсан. Хоёрдугаарт Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ хэнээс ч хараат бус шударга шүүхтэй болох Шүүхийн тухай хуулийг батлуулсан. Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэхийн төлөө, хараат бус, шударга шүүхтэй болохын төлөө ажиллана, ард нь гарна” гэсэн юм.