Аймгуудын өрсөлдөх чадвараар Баянхонгор, Говь-Алтай, Булган сүүл мушгижээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г ес дэх жилдээ танилцууллаа.

2020 оны Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Үндэсний статистикийн хорооноос 2020 оны 7-р сард танилцуулсан “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2019” буюу цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс 2020 оны есдүгээр сард авсан санал асуулга буюу цар тахал, хөл хорионы үеийн мэдээллийг ашиглан тус судалгааг хийсэн аж.

 “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2020” судалгааны үр дүнгээс харахад Орхон аймаг өмнөх оны адил тэргүүлсэн хэвээр байгаа бол хоёрт Дорноговь, гуравт Дархан-Уул, дөрөвт Өмнөговь аймаг эрэмбэлэгджээ.

Харин Баянхонгор, Говь-Алтай, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг тэргүүлсэн бол, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцээр Орхон аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

График. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2020

Түүнчлэн аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс таван оноогоор буурсан үзүүлэлт гарчээ. Аймгуудын дундаж онооноос харахад засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг бүлгийн оноо өссөн аж.

Энэ жилийн үр дүнг нэгтгэн харвал Монгол Улсын 21 аймгийн долоо нь өрсөлдөх чадвараа сайжруулжээ. Үүнд Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг багтжээ.

Харин үлдсэн 13 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурчээ. Эдгээр нь Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг юм.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 176 шалгуур үзүүлэлтээр гардаг. Энэхүү 176 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 142 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг билээ.

Энэ жилийн онцлох үр дүнгээс дурьдвал:

  • Орхон аймгийн ерөнхий үнэлгээ 1-рт, эдийн засгийн тамир тэнхээ 3-рт эрэмбэлэгдэж, өнгөрсөн оны ерөнхий эрэмбэд өөрчлөлт ороогүй;
  • Дорноговь аймаг ерөнхий үнэлгээгээр 2-рт (өмнөх жил 3-т байсан), эдийн засгийн тамир тэнхээгээр 2-рт эрэмбэлэгдэж эрэмбээ ахиулсан боловч өрсөлдөх чадварын ерөнхий оноо 5-аар буурсан;
  • Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж, (өмнөх жил 4-т эрэмбэлэгдэж байсан) эрэмбээ ахиулсан ч эдийн засгийн тамир тэнхээгээр 10-рт эрэмбэлэгдэж Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц бүлгийн оноо нь 2-оор тус тус буурсан;
  • Өмнөговь аймаг ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдэж өмнөх оноос хоёр эрэмбэ ухарсан ч эдийн засгийн тамир тэнхээгээр нэгдүгээрт эрэмбэлэгдсэн хэвээр байна. Засаглалын үр ашиг бүлгийн оноо ихээхэн буурчээ;
  • Төв аймаг сүүлийн нэг жилд хамгийн ихээр оноо нь буурсан. Өмнөх онд 12-рт эрэмбэлэгдэж байсан бол 2020 онд 15-рт эрэмбэлэгдлээ. Нийт 23 оноо буурсан нь анхаарал татаж байна;
  • Ховд аймаг 10 оноогоор, Увс аймаг 9 оноогоор өрсөлдөх чадварын үзүүлэлтээ ахиулж чадсан нь өнгөрөгч нэг жилд хамгийн өсөлттэй аймгууд байлаа;
  • 21 аймгаас Булган [21], Говь-Алтай [20], Баянхонгор [19] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр гурван аймгийн хувьд Засаглалын үр ашиг үзүүлэлт хамгийн муу хэвээр байна.

График 2. Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн их өөрчлөгдсөн аймгууд

Өөрчлөлтийг харвал

  • Баруун бүсийн Ховд, Увс аймаг өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол тус бүсийн Говь-Алтай, Завхан болон Төв аймагийн оноо хамгийн их буурав.
  • Ховд, Увс аймгийн өрсөлдөх чадвар сайжрахад бизнесийн үр ашиг, дэд бүтэц сайжирсан нь илүүтэйгээр нөлөөлөв.
  • Завхан аймгийн дэд бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд, Төв аймгийн засаглал, технологийн дэд бүтцийн үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн засаглал, эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.

Жил бүр тогтмол гаргадаг энэхүү судалгааг Конрад-Аденауэр-Сан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сан зэрэг олон улсын байгууллагууд дэмжин, хамтран ажилладаг байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...