ХХААХҮЯ-наас “Өрхийн тариалан” хөдөлгөөнийг өрнүүлж, энэ хавар 10.5 мянган өрхөд хөнгөлөлттэй үнээр үр олгохоор болсон билээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.
-“Өрийн тариалан” хөдөлгөөнийг өрнүүлж, үрийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-2021 онд хүнсний ногооны тариалалтыг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр ХХААХҮЯ төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Үүний хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөнийг улс, орон даяар өрнүүлж байгаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тушаал гаргасан, аянтай холбоотой. Мөн энэ аяныг зохион байгуулах төлөвлөгөө, удирдамжийг ч баталж, ажлын хэсэг хүртэл байгуулсан. Аймгуудын хөдөө аж ахуйн газруудын төлөөлөл, манай яамны газрын дарга нар, холбоодууд ажлын хэсэгт багтсан. Нийтдээ 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үр авч, тариаланчид, ногоочиддоо хөнгөлөлттэй үнээр өгөх юм. Урьдчилсан тооцоогоор 10.5 мянган аж ахуйн нэгж, иргэн хамрагдах боломжтой. Дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа хүнсний ногоо гэвэл сонгино, сармис, байцаа юм. Тиймээс сонгино, сармис, байцааны үрийг арай түлхүү авч тариаланчдад өгөхөөр төлөвлөсөн.
-147.5 тонн үрийн дэмжлэг үзүүлэх юм билээ. 10 нэр төрлийн үр дотор сая дурдсанаас гадна, өргөст хэмх, улаан лооль гэх нарийн ногооны үр багтсан биз дээ?
-Мэдээж байгаа. Гэхдээ сонгино, сармис, байцааны үрийг илүү түлхүү олгоно. Хүлэмжийн ногооны үр бага хэмжээтэй байх юм. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой хэмжээнд үр нийлүүлэхээр төлөвлөсөн байгаа.
-Ямар сортын үрийг сонгож байгаа вэ?
-Нутагшсан буюу ирээдүйтэй сортын үрийг тариаланчид, ногоочдод нийлүүлнэ. Манай яаманд сорт сорилтын зөвлөл гэж бий. Зөвлөлөөр ороод, гэрчилгээгээ авсан сортын үрийг л авна. Мөн нутагшсан сорттой дүйцэхүйц сортын үрийг ч авахаар төлөвлөсөн. Бид тендерээ зарлачихсан. Шалгарсан аж ахуйн нэгж нь хууль, журмын хүрээнд шаардлага хангасан үрийг нийлүүлнэ. Сонгины үр гэхээр төл сонгино нийлүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр компани, аж ахуйн нэгж шаардлага хангасан ямар сортын үрийг авах вэ гэдгээ шийднэ шүү дээ. Бид тендер шалгаруулалтынхаа журмаар л ажиллана. Түүнээс биш бид зөвхөн ийм сортын л үр авна гэж одоо хэлэх боломжгүй юм. Гэхдээ тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нутагшсан болон түүнтэй дүйцэхүйц, гэрчилгээ авсан сортын үрийг л журмын дагуу нийлүүлнэ.
-Тариаланчид, ногоочдод хөнгөлөлттэй үнээр олгох үрийг хэзээ өгөх вэ. Үндсэндээ хаврын тариалалт бараг л эхэлчихлээ гээд зарим тариаланчид яарч байна?
-Бид хугацаагаа бүгдийг нь тооцож байж тендерээ зарласан. Дөрөвдүгээр сарын эхээр тендер задарч, аж ахуйн нэгж нь шалгарна. Улмаар дөрөвдүгээр сардаа багтаад үрээ нийлүүлнэ. Хамгийн гол нь бид тариалалтын хугацаагаа тооцсон учраас сонгино дээр гэхэд л төл сонгино авч байгаа юм. Бусад үрийг ч гэсэн тариалах хугацааг тооцож, худалдан авах ажиллагаа, тендерээ зарласан.
-10.4 мянган өрх гэдэг тоог нийлүүлэх үрийнхээ хэмжээнд тооцож гаргасан юм уу. Эсвэл тариа, ногоо тарьж байгаа өрхийн тоо юу?
-Улаанбаатар хотын болон аймгуудын Хөдөө аж ахуйн газраас авсан судалгаа, мэдээлэлд үндэслэж гаргасан тоо юм. Үрийн захилга өгсөн аж ахуйн нэгж, иргэдийн тоо мэдээлэлд үндэслэсэн хэрэг.
-Нэг өрх, аж ахуйн нэгжид дээд тал нь тэдэн кг үр хөнгөлөлттэй үнээр зарна гэсэн журам гаргах уу. Эсвэл тариалалтынх нь хэмжээнд нийцүүлээд олгочих юм уу?
-Газрынх нь гэрчилгээг үзнэ. Ямар хэмжээний талбайд тариалалт хийх боломжтой гэдэг нь тэндээс харагдана шүү дээ. Сонгино, сармис гэх мэт зарим нарийн ногоог усалгаатай талбайд тарина. Усалгаагаа шийдсэн үү гэдгийг нь мэдээж тодорхой хэмжээнд харна, шалгана. Тэгж байж тухайн иргэн, аж ахуйн нэгжид хэчнээн хэмжээний үр зарах вэ гэдгийг тогтоож болно. Ямар ч байсан бид дотоодын тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж байна.
-Хөнгөлөлттэй үнэ гэхээр зах зээлийн ханшнаас хэдэн хувиар хямд байх вэ. Тэр талаар мэдээлэл өгөөч?
-Одоохондоо шууд үнэ хэлэх боломжгүй байна. Сайдын тушаал гарна. Ямар үнээр нийлүүлэгдэх нь үү. Түүний дараа бид тооцооллоо гаргана. Хэдэн төгрөгөөр нийлүүлбэл болох нь вэ гэдгээ тооцож байгаад хөнгөлөлттэй үнэ тогтооно.
-Үрийг тариаланчид, ногоочдод хэрхэн хүргэх вэ. Нэгдсэн журмаар зохион байгуулах байх?
-ХХААХҮЯ-наас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжиж хэрэгждэг. Хөнгөлөлттэй үнээр худалдах учраас ХААДС-гаар дамжуулж л худалдаж таарна. Аймгуудын Хөдөө аж ахуйн газруудад бид урьдчилсан байдлаар захиалгаа нэгтгэж байна. Түүнийхээ дараа ямар журмаар олгохоо нарийн сайн шийдэх юм. Гэхдээ Сүхбаатар аймгийн тариаланчид нэг нэгээрээ Улаанбаатар хотод ирээд, хэдхэн кг үр авахын төлөө наашаа, цаашаа яваад байх хэцүү. Тиймээс аймгуудын Хөдөө аж ахуйн газруудыг зохион байгуулалтад орж ажилла гэсэн чиглэлийг өгч байгаа.
-Үр авахын тулд ямар нэг шалгуур хангах ёстой юу?
-Тариаланчид, ногоочдод үрийг зээлээ өгөхгүй шүү дээ. Тийм учраас олон янзын шалгуур гэж байхгүй. Үр авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж мөнгөөрөө худалдаж авна. Гол нь хөнгөлөлттэй үнээр авах гэдгээрээ л тариаланчдад давуу тал болох юм.