С.Ганбаатар Сүх жанжны хөшөөнд цэцэг тэвэрч очсонгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Төрийн ордонд өрөө бий л дээ. Бас харьяалагддаг нам ч байгаа. МАХН-ын дэд дарга гэх сэтэр 2017 оноос хойш түүнийг дагалдах болсон. Жирийн багш байсан тэрбээр 2005 оноос улс төрд хөл тавьж “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч, ХҮН-ын дарга ч хийж явсан удаа бий. Гэхдээ гудамжны улс төрөөр дагнан мэргэшсэн түүний хувьд аль ч улс төрийн намыг түшсэн гудамжиндаа эргэн ирэх хувь тавилан хүлээж байдаг юм байна.

Эх орончдын өдөр МАН, МАХН-ын удирдлагууд хамтдаа Сүх жанжин, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв. Соц нийгмээс уламжилж ирсэн энэ ёслол жирийн л үйл явдал мэт боловч УИХ-ын эрхэм гишүүн С.Ганбаатарын хувьд харууслын аяз байсан болов уу. Учир нь МАН, МАХН хоёр эргэн дэр нэгтгэхээр тохиролцож, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн хүү Э.Батшугарыг нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд дэвшүүлж гишүүн болгохоор наймаалцсан гэж ид шуугиж байна.

Н.Энхбаярын энэ ганцаарчилсан тоглолтуудын цаана С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох мөрөөдөл улам алсарч, бүдгэрч, бүтэлгүйтэж байгаа юм. Төв талбайд өлсгөлөн зарлаж олны анхаарлыг татчихаад байхад намынх нь дарга Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАХН-ыг МАН-тай нэгтгэх тохироо хийчихнэ гэж яаж санах билээ. Ерөнхийлөгчийн өмнөх сонгуулиар дориун санал автал тэр шөнөө М.Энхболдод “идүүлээд” хоносон даагаа нэхэх боломж нь ийн үгүй болов.

Оюутолгой төслийг тойруулж мөлжиж явсаар Ерөнхийлөгч болчих гэсэн чинь Рио Тинто компани Монгол Улсад төлөхгүй гээд гүрийгээд байсан татвараа төлөөд эхэлсэн нь С.Ганбаатарт бас л ашигггүй эргэлээ. Эрхэм гишүүний ярих сэдэв, очих газар хумигдаж, популист үйлдлүүд нь үнэнд гүйцэгдээд хэцүүхэн л байгаа дуулдлаа. ХҮН-д эргээд очих нүүргүй болсон учраас гудамжинд гар гараасаа хөтлөлцөөд хамтдаа хашгирч явсан О.Магнай, Ж.Батзандан нарын замаар АН-аас аврал эрэх болов уу гэсэн олон таамаг хөвөрч эхэлжээ. Гэхдээ Ж.Батзандан мэт нь урвагч гэдгээ нотолж, гадаад руу зугтсан тул АН түүнийг авах нь юу л бол.

Ямартай ч төмөр торх нүдэж, Төрийн ордны цонх руу чулуу нүүлгэж эхэлсэн С.Ганбаатарын улс төр эргээд гудамжинд ирлээ. Попрох сэдэв нь хумигдаж, толгой хоргодох намгүй болсонд эрхэм гишүүн ихэд эгдүүцэж байгаа нь лавтай. Сүх жанжны хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд цэцэг тэврээд ирсэнгүй. Эх орончдын баярт “эх оронч” эрхэм гишүүн байсангүй. Энэ үйлдлэрээ С.Ганбаатар гурван жил суурьшсан МАХН-аас явж байна.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ