С.Эрдэнэ нь АН-ыг удирдаж байхдаа АН-ыг УИХ-д бүлэггүй, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдуулсан. Ёс суртахууны хувьд ч АН-ын дүрмийн хувьд ч хөдөлбөргүйгээр намын дарга мэтээр авирлах эрхгүй хүн юм. Улсын Дээд Шүүхээс мөн С.Эрдэнийн УДШ-ийн бүртгэлд намын даргаар бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Гэтэл “Ардчилсан нам”-ийн өмч болох бэлгэдэл, албан банк ашиглан намын дарга нэрээр “Ардчилсан нам”-ийн тамга (тэмдэг)-гийг хүчингүй болгуулахаар хууль бус хүсэлт гаргасныг УБЕГ хүлээн авч, Ардчилсан намын 2017 оноос өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа тамга тэмдгийн дугаарыг хүчингүй болгон, шинээр дугаар олгосон байдаг. Хууль, журмаар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн энэ үйлдлээрээ С.Эрдэнэ эрх баригч МАН-тай хуйвалдан, гар хөл болж, Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй санаархал хэмээн намын нийт гишүүд дэмжигчид нь хардаж буй юм.
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулиар аливаа намын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан ба мөн хуульд заасанчлан намыг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, намын бүртгэлд өөрчлөлт оруулах зэрэг эрх нь Улсын дээд шүүхэд олгогдсон байдаг. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 1.6- дахь заалтад Улсын Бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд хяналтын дугаар олгох нэрсийг заасан байх боловч тус заалтад Улс төрийн нам хамаардаггүй байна.
АН-д үүссэн шиг дээрх баримттай адил төстэй жишээ Монголын бас нэгэн Улс төрийн хүчинд өрнөж байжээ. “Монголын Ногоон нам” дотооддоо бас тамга тэмдгийн маргаан үүсч Ногоон Намын дарга О.Бум-ялагч Улсын бүртгэлийн газарт хандан тамга тэмдгийн хяналтын дугаар авах хүсэлт гаргасан байдаг. Харин Улсын Бүртгэлийн Газраас Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 1.6-д Улс төрийн нам хамаарахгүй тул тамга тэмдгийн хяналтын дугаар олгох боломжгүй гэсэн хариуг өгч байжээ. Энэ бол ердөө 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдөр эцэслэгдсэн үйл явдал.
Төрийн байгууллага ижил төстэй асуудал дээр хоёр өөр байр суурь илэрхийлж байгаа баримтаас үзвэл АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх МАН-ын санааг гар хөл нь болж буй С.Эрдэнэ гуай шууд хэрэгжүүлж байна гэж АН-ын мянга мянган гишүүд, дэмжигчид дургүйцэж байгаа юм. АН-ын олон мянган гишүүдийн итгэл, дэмжлэгээр УИХ-ийн гишүүнээр хүртэл сонгогдож, эрх ямбаа эдэлж явсан С.Эрдэнэ дэндүү ёс суртахуунгүй үйлдэл гаргаж буйг намын жирийн гишүүд эрс шүүмжлэлтэй хандан үгээ хэлэх болжээ.