Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус хурлыг нэн яаралтай хуралдуулах шаардлагыг тус хорооны гишүүдийн төлөөллөөс намын Улс төрийн зөвлөлдөө хүргүүлж байгаа талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Х.Тэмүүжин, Д.Батцогт болон АН-ын бусад гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:
-АН-ын Үндэсний бодлогын хороо бол АН-ын төлөөллийн төв байгууллага. ҮБХ 390 гишүүнтэй. Гишүүдийн олонх нь ҮБХ-ны ээлжит бус хурлаа яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм. Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Дөрвөн улирал дараалан эдийн засаг агшлаа. Засгийн газарт КОВИД-19-ийн нөхцөл байдлаас үүдсэн хүндрэлээс ард иргэдээ гаргах бодлого байгаагүй нь батлагдаж байна. Тиймээс АН-ын ҮБХ Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудалд яаралтай дүгнэлт гаргаж, Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдалд дүрмийн хүрээнд бодлогын хэлэлцүүлэг явуулж, дотоод асуудлаа яаралтай шийдэхийг ҮБХ-ын гишүүдийн олонх дэмжсэн. Эдийн засгийн хүнд цаг үед АН-ын манлайлал, дуу хоолой чухал. Иймд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихыг АН-ын гишүүд хүсэлт шаардлага удаа дараа тавьж байгаа. Бид сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг идэвжхүүлэх цаг үе нь ирээд байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан:
-АН-ын дүрмийн хүрээнд ҮБХ-ны нийт гишүүдийн 1/3-ийн шаардлагаар ҮБХ-ны хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Өнөөдөр ҮБХ-ны талаас дээш хувь нь хурлаа хуралдуулахыг шаардаж гарын үсгээ зурсан. Иймд хуралдаа идэвхтэй оролцохыг АН-ын нийт гишүүдээсээ уриалж байна.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж бусдын толгой дээрх бухлыг орж харлаа гэсэн шүүмжлэлийг бид хүлээж авч байгаа. АН өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна тэр бухлаасаа яаж салах вэ гэж санаа зовж байгаа. Айл гэр хэрүүлтэй байхад олон түмэн тэр айл рүү ойртох нь байтугай үр хүүхэд нь айж ичиж холддог. Тиймээс АН тогоон доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тавина. Нам дотроо хүлээцтэй байж, асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой. Ордон дотор хулгайчид нь ороод суучихсан, төр улсын толгойд худалч, урвагчид нь заларсан энэ үед Монголын төрөөс эрүүл саруул ухаан, шинжлэх ухаанч байдал гарахаа больсон. Ард иргэдийн орлого, ААН-үүдийн бизнес, залуучуудын мөрөөдөл үгүй болж байна. Тийм учраас хоосон хийрхсэн улс төрийн PR-аар бус эрүүл саруул ухаанаар асуудалд ханддаг байх ёстой. Асуудлыг шийдэх гэсэн шийдэл бүр нь шинэ асуудал болж, иргэнийхээ амиар төлөөс төлдөг энэ харалган төр засгийн үйл ажиллагаанд хүчтэй дуу хоолой дутагдаж байна. Үүнийг бий болгохын тулд АН дотоод асуудлаа засах ёстой. Бид тогоон дотроо хэрэлдэх бус саруул хяналт тавихын тулд Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай. Бид сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье гэж үзээд энэхүү хуралдаанаа зарлаж байна. Харалган төр, засгийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргахын тулд АН эхлээд өөрсдийн толгой дээрх бухлаа харах ёстой. Сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье. Та бүхэн АН-ыг дахин сүнсээ олоход туслаарай, дэмжээрэй гэж хүсье гэлээ.