Банкны эздээс хувьцааг нь “харамласан” хуулийн төслийг дэмжицгээе

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд орох гол заалтууд нь юуны өмнө эзэмшлийн төвлөрлийг бууруулна. Нэг этгээд аливаа банкны хувьцааны 20 хувиас дээшгүй хувийг л эзэмшиж болно гэсэн хязгаарлалт орж байгаа юм. Гэхдээ энэ нь 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор энэ хязгаарт орох ёстой. Одоогоор бүх банкуудын өмчлөл ХХК хэлбэртэй байгаа, тэгэхээр дээрх хугацаанд багтаж Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах, гадны хөрөнгө оруулагчдад хувьцаагаа зарсан байх ёстой гэдэг заалт орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр аль нэг банкны 80, 90 хувийг эзэмшиж буй банкны эзэд тэрхүү эзэмшлийн хувьцаагаа зарах ёстой гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн банкны эздэд “дайсагнасан” заалт мөн байгаа биз?

Хэрэв заасан хугацаанд тухайн банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшдэг хувь хэмжээ 20 хувиас хэтэрсэн бол яах вэ? Магадгүй тэд “Дээрэмдлээ” гэж чарлах байх. Тэгвэл өргөн бариад байгаа хуулийн төсөлд зааснаар Монголбанкнаас тодорхой хориглолтууд орж ирнэ. Сануулга өгөх, албан шаардлага хүргүүлэх, банкны эрх бүхий төлөөлөгч буюу БЭТ томилох, томилсон тохиолдолд тухайн хувьцаа эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэж заасан байна. Монголбанкны томилсон удирдлага орж ирээд тухайн банкны хувьцааг мэдэлдээ авна гэсэн үг. Хэрэв Банкны тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн бол тухайн зөрчсөн хувьцаа эзэмшигчийнхээ хувьцааг саналын эрхгүй, ногдол ашиг авахгүй байх, цаашилбал уг хувьцааг банкны өөрийн хөрөнгөөс нь хасах хүртэл хатуу арга хэмжээ авахаар заажээ.

Бусад өөрчлөлтийн тухайд “Капитал”, “Ариг” зэрэг банкин дээр гарсан хүндрэлүүдтэй холбоотой юм билээ. Жишээ нь “Ариг” банк дээр хувьцаа эзэмшигчид нь хоорондоо маргаад ТУЗ нь томилогдохгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаа ч хуралдуулахгүй гацаанд орсон. Тэгэхээр Монголбанкнаас томилсон БЭТ орж ирээд тухайн хувьцаа эзэмшигчдийн эрхийг түдгэлзүүлээд өмнөөс нь шийдвэр гаргах боломжтой болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл цаг алдаж банкны нөхцөл байдал нь улам дордохоос өмнө Монголбанкны БЭТ арга хэмжээ авах тэр эрхзүйн орчин бүрдэнэ. Ер нь энэ хуулийн гол үзэл санаа нь манайх шиг бүх банкууд хувийн, эзэмшил нь хаалттай байдаг улс орон байхгүй. Монголбанкныхан яг энэ хуулийн төсөлтэй холбогдуулан судалгаа хийсэн байдаг. Нийт 46 орны туршлагыг судлаад ингэж эзэмшлийн хязгаар тогтоодог эсэхийг судлахад хувь, хэмжээ нь 5-40 хүртэл хувийн хэлбэлзэлтэй, харилцан адилгүй болохоос бүгд эзэмшлийн хязгаар тогтоодог юм байна. Манайд л байдаггүй.

Яагаад хувь эзэмшлийг хязгаарлах ёстой вэ гэхээр энэ бол засаглалын асуудал. Тухайн банкны эзэмшил нь нэг л хувьцаа эзэмшигчийн төлөө явна. Банкны бизнес бол өвөрмөц. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нь15хувь. Үлдсэн 85 хувь нь татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу хадгаламж эзэмшигчид, гаднаас авсан зээл, бонд зэрэг хөрөнгөөс бүрддэг. Удирдлага нь хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө явна гэдэг нь 1000 төгрөг тутмын 150 төгрөгийн эзний талд үйлчлээд 850 төгрөгийн эздийн эрх ашиг хамгаалагддаггүй ийм тэгш бус эрхтэй. АНОД, “Капитал” банк дээр ч энэ байдал давтагдсан. Удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн хамгаалал бүхий компани нь зээл гаргасаар байгаад эцэст нь хадгаламж эзэмшигчид хохирсон. Худалдаа хөгжлийн банк л гэхэд хувьцаа эзэмшигчид нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан. Гэтэл тэр хөрөнгө нь Монголбанк, Хөгжлийн банк зэргээс авсан зээлүүд болж таарсан. Ийм байдлыг давтахгүй, хувьцаа эзэмшигчидтэйгээ хуралддаг, тайлангаа танилцуулдаг, дүнгээ тавиулдаг, ТУЗ-өө томилдог болох ёстой. Ингэж хувьцаа эзэмшигчдэдээ нээлттэй байж, ил тод шийдвэр гаргадаг, хяналт тавих боломжийг энэ хуулиар олгох гээд байгаа юм. Тиймээс хуулийн төсөлд арилжааны банкуудын ТУЗ-ийн гишүүн тав, долоо, янз бүр байгааг өөрчилж заавал ТУЗ-ийн есөн гишүүнтэй байх, үүний гурваас доошгүй нь хараат бус гишүүн байхаар заасан. Хараат бус гишүүд нь аль ч хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахгүй, харин харилцагч, хадгаламж эзэмшигчид зэрэг тухайн банкны үйл ажиллагаанд оролцдог бусад субъектийн эрх ашгийг хамгаалдаг байх тийм эрүүл тогтолцоотой байх юм. Мөн хараат бус гишүүд нь ТУЗ-ийнхөө дэргэд аудитын хороог байгуулж дотоод хяналт шалгалт, тайлангаа сонсдог, үйл ажиллагааны эрсдлээ хянадаг, Зээлийн болон Эрсдэлийн хорооны шийдвэрт оролцож санал гаргах зэргээр харилцагч, хадгаламж эзэмшигчдийг холбодог гүүр байх гэх зэрэг засаглалыг сайжруулах зорилготой.

Мэдээж 20 хувийг л эзэмшиж болно гэдэг нь хатуу шаардлага. Гэхдээ энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Одоогоос гурван жил гаруйн өмнө 2017 онд УИХ-ын 299 дүгээр тогтоол батлагдаж Монгол Улсын банк санхүүгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлж байсан. Үүний дагуу эзэмшлийн төвлөрлийг бууруулах банкуудын чадварыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах гэхчлэн маш чухал гол санаануудыг агуулсан байдаг. Үүний үр дүн нь энэхүү Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэж хэлж болно.

Өнөөдөр Хаан банк л гэхэд хоёр хуулийн этгээд эзэмшдэг. Нэг нь 60-аад хувийг эзэмшдэг Япон улсын иргэн Савада сан, үлдсэн нь “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, түүний гэргий Д.Хулан нар 60:40 харьцаатайгаар эзэмшдгийг олон нийт мэднэ. Худалдаа хөгжлийн банкны хувьд үндсэндээ 100 хувь Д.Эрдэнэбилэг гэх боловч түүний нэр дээрх гадаадад бүртгэлтэй компаниудаараа дамжсан, мөн 4.9хувь нь Америкийн нэг банк эзэмшиж байдаг. Голомт банкны 92 хувь нь Д.Баясгалангийн эзэмшлийнх. Хас банкны хувьд өөрсдөө сайн дураараа 20 хүртэлх хувийн хувь эзэмшлийн хязгаарт ороод олон жил явж байгаа сайн жишиг олон жил тогтсон. Аль ч хувьцаа эзэмшигч нь бусдын зөвшөөрөлгүйгээр 20-иос дээш хувь эзэмшихийг хориглосон байдаг тус банкны том хувьцаа эзэмшигчид нь гэвэл “МАК”, Европын сэргээн босголтын банк, Канадын үндэсний банк гэх мэт олон улсын томоохон банк, компани, группийг нэрлэж болно. Төрийн банкны хувьд 100 хувь төрийн өмчит, Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшилд байдаг. Эндээс харахад тухайн банкныхаа дийлэнх хувийг эзэмшиж байгаа банкны эздийн улс төр дэх нөлөөлөл, харилцагчид, хадгаламж ээзэмшигчдэдээ ил тод байдаггүй дур зоргоор авирладгийг хязгаарлах зорилготой хууль төрөх гээд байгаа нь “Бүлэглэл”-ийн томоохон эсэргүүцэлтэй тулгарахад хүргэх нь эхнээсээ ойлгомжтой байсан. Дээр нь “Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй” гэсэн хориглолтын заалт орсон. Энэ нь олон улсын туршлагаас харахад дэвшилтэт заалт гэж хэлж болох бөгөөд арилжааны банкны ашиг сонирхлыг хамгаалдаг, нөлөө бүхий улстөрчдийг “ямар ч үнээр хамаагүй” уг хуулийг гацаах сонирхлыг өрдөж байгаа нь тодорхой юм. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал банкин дахь улс төрийн нөлөө ч, улс төр дэх банкныхны ашиг сонирхлын нөлөө ч харилцан “унтарч” банкны салбар цэвэр хөгжих болно. Цаашилбал “Арилжааны банк нүүрс ухдаг, угаадаг, төмөр зам барьдаг, онгоцны ченж хийдэг байхаа больж банк нь банкаараа үлдэж аливаа хөрөнгө оруулалтын төсөл харилцагч, хадгаламж эзэмшигчдэд нь нээлттэй болон юм гэдгээрээ олон нийтийн эрх ашигт нийцэх учраас энэхүү нийтлэлийг бичлээ. Эцэст нь энэ хууль хэний эрх ашгийг хөндсөн учраас хуулийн төслийг санаачилсан Ажлын хэсэг рүү, Г.Амартүвшин тэргүүтэй хэдхэн залуу гишүүд рүү дайраад байгаагийн учир нь одоо тодорхой харагдаж байгаа биз?

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...