Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд гэрээг цахимаар байгууллаа.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцлоо.
Элчин сайд М.П.Сингх “Энэ ёслолд ирсэн төр засгийн төлөөлөл, компанийн удирдлагуудад талархъя. Төслийн бүтээн байгуулалтын эхний гэрээг үзэглэх хүртэл асар их хүчин чармайлт гарган ажилласан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хамт олонд баяр хүргэе. Өнөөдөр энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг, хүний эрхийн төлөө тэмцэгч Махатма Гандийн мэндэлсэн өдөр тохиож байна. Миний хувьд хоёр баярт үйл явдал давхардсан сайхан өдөр болж байна гэж билэгшээж байна. Энэтхэг-монгол 2 орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэлээ.
“БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байна гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэр байгуулах төсөл маань төлөвлөлтийн үе шатаас бүтээн байгуулалтын шат руу шилжиж байна гэсэн үг юм. Гэрээ байгуулах ажлын явцад дэлхий дахиныг хамарсан цар тахал цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн боловч манай хамт олон болон энэтхэгийн талаас хүчин чармайлт гаргасны үндсэн дээр ийнхүү ажил хэрэг болж байна” гэж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь Инженерчлэл, Худалдан авалт, Барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэнэ.
Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC Projects India” компани шалгарсан юм.
Тус компани үйлдвэрийн талбайд:
– Иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр),
– Ус хангамжийн систем,
-Талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэх юм.
EPC-1 ажлыг хэрэгжүүлснээр үйлдвэрийн дараа дараагийн технологийн барилга угсралтын ажлуудыг эхлүүлэх суурь нь болно.
“JMC Projects India” компани нь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 40 орчим жилийн туршлагатай компани. Тус компани Энэтхэг болон бусад улс орнуудад бүтээн байгуулалтын 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсын нефть-химийн салбарын аж үйлдвэрийн суурь, шинэ технологид суурилсан үндэсний бүтээн байгуулалт болж буй юм.