Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан П.Одонбаатарыг, Тэргүүн дэд даргаар Н.Бат-Эрдэнэ, дэд даргаар С.Хүдэрчулуун нарыг тус тус томилсон байна.
П.Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой юм байна. Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга, 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан нэгэн.