Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ингээд Улсын Их Хурлын дарга эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн найруулгыг гишүүдэд уншиж танилцуулсан бөгөөд хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.