2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 16 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алджээ. Үүний 14 нь том хүн, зургаа нь хүүхэд байсан аж. НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тэд зургаадугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэн” хоёр иргэний амь насыг гол усанд осолдохоос нь урьдчилан сэргийлж, авран хамгаалжээ. Түүнчлэн голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэглэгээ байрлуулж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж буй юм.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар