Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.
Учир нь энэ жил дэлхий даяар “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч, иргэдийг олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулахын зэрэгцээ үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаасан.
Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм. Мөн энэхүү удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Түүнчлэн цар тахал дэгдсэн энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон арга хэмжээ авч ажиллаж байна.
ХНХ-ын сайд, БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайдын хамтран баталсан “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналттай байлгах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийг баталсан. Энэ удирдамжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г 2020 оны 03 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж 109.991 өрхийг хамруулсан. Эдгээр өрхөд 200.0 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Урьдчилсан байдлаар дүн гаргахад 109.991 өрхийн 19% буюу 20.0 мянган өрх эрсдэлтэй, 47.6% буюу 50,0 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна.
Эрсдэл өндөртэй 20.000 өрхийн 51.1% буюу 10.221 өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залгаж амьдарч байна.
Манай байгууллагын “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн Эрсдэлийн программд 2020 оны 04 сарын 23-ны байдлаар 22.853 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд “COVID-19” халдварын цар тахал цаашид нэмэгдэх, хорио цээрийн дэглэм үргэлжлэх тохиолдолд эдгээр хүүхдүүдэд чиглэсэн хүнс тэжээл, хувцас, амин дэм, ариутгалын бодис зэрэг суурь хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
ГБХЗХГ-аас 2020 оны 05 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж, хэрэгцээг тодорхойлон ажилласан. Гэр бүлийн гишүүдийн 94% нь 31-35 насныхан, 6 орчим хувь нь 40-46 насныхан байна. Нэг өрхөд дунджаар 0-18 хүртэлх насны 2-7 хүүхэд амьдарч байна.
Мөн нийт өрхийн 10 орчим хувьд өрхийн зөвхөн нэг гишүүн үйлчлэгч, галч, харуул, барилгын туслах, нүүрс шуудайлж зарах гэх мэт ажил хийдэг, 85 хувь нь ажилгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгө, Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй байна.
Нийт өрхийн 60 орчим хувь нь архины хамааралтай гишүүнтэй, хүүхдээ үл хайхарсан, гэрийн ахуй, нөхцөл байдал хүнд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай гишүүнтэй өрхийн хувьд нөхцөл байдал илүү хүнд, өрхөд байгаа бусад хүүхдэд тавих анхаарал сул, нэмэлт амин дэм шимт тэжээл хэрэглүүлж чаддаггүй, өрхөд ажилгүйдэл үүссэн байна. Ялангуяа хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирээд өөрийн гэсэн орон гэр, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй өрх 50 орчим хувийг эзэлж байна. Иймд, ГБХЗХГ-аас
· Газрын асуудлыг шийдвэрлэж, орон гэртэй болгох;
· Хүнсний талонд хамруулах;
· Ажлын байранд холбон зуучлах;
· Гэрээр оёдол хийх чадавхтай 2 өрх, түлээ нүүрс зардаг нэг өрхөд гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх;
· Өрхийн амьжиргааны түвшин доогуур 90 өрхийн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цахимаар хичээлээ хийж чадахгүй, ангийн багш нар нь огт холбогдоогүй байгаа учраас дүүргийн Боловсрол, соёл урлагийн газарт албан бичиг илгээж, зуны хугацаанд хичээлийн хөтөлбөрөө нөхөж судлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
· Хөгжлийн бэрхшээлтэй болон хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтүүлэн эмчлүүлэх. 50 ортой тасаг шинээр нээв;
· 6-аас дээш насны хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа хороод дээр хэрэгждэг “Би нар” төсөлд хамруулж, хүүхдийн хөгжлийг дэмжих, нийгэмшүүлэх;
· Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэнд урт хугацааны нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх;
· Архины хамааралтай болсон өрхийн гишүүдэд урт хугацааны эмчилгээ, зан үйлийг засах сургалтад хамруулах;
· Анхан шатанд ажиллаж байгаа Хэсгийн ахлагч нарыг чадавхжуулж, мэдээллийг илрүүлэх, мэдээлэх, холбон зуучлах болон гэр бүлтэй ажиллах чиглэлээр чадавхжуулах зэрэг олон ажлыг шат дараалан хийж байна.
Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлд шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой зүйл заалтыг танилцуулах мөн байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа юм.
Түүнчлэн энэ онцгой цаг үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага хамтран “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх гэрээг үзэглэж, энэ хүрээнд Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнд сэтгэл зүйч бэлтгэх сургалтад хамтруулж байна. Ингэснээр Хүүхдийн тусламжийн 108 утас мэргэжлийн сэтгэл зүйчдээр хүрээгээ тэлж, тус утсанд хандсан хэн ч мэргэжлийн сэтгэл зүйчдээс зөвлөгөө авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.