-Ардын намынхан 10 дахь татвараа нэмж, ард иргэдээ алагчлан гадуурхахаар шийджээ-
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-нд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьжээ. Сайдын чиг үүргийнхээ дагуу бус УИХ-ын гишүүнийхээ хувиар ийнхүү татвар нэмэх агуулга бүхий хуулийн төсөл өргөн барьсан нь “чоно борооноор” гэгч л болсон хэрэг. Иргэд, олон нийтээс нэг ч санал ирээгүй гэж тодотгосон энэ төслөө хаврын чуулган эхлэнгүүт сэмхэн өргөн барьсан нь нэгдүгээрт, танхимын зарчмаа зөрчсөн үйлдэл, хоёрдугаарт, нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэж хошгируулсан МАН-ын амлалтыг зөрчсөн алхам юм. Тиймээс Н.Цэрэнбат сайд намын дарга, Ерөнхий сайдынхаа эсрэг хуулийн төсөл санаачлан, ганцаарчилсан тоглолт хийж явна уу, эсвэл эрх баригчид татвар нэмэх санаархлаа ийнхүү гүйцэлдүүлэхээр гэтэж байна уу? Үүнд эрхэм сайдтан заавал хариулах ёстой.
Аль нь ч байлаа гэсэн хэрвээ энэ хуулийн төсөл батлагдаж гэмээнэ эрх баригчид биш эгэл ард иргэд хохирно. Тэдний нуруун дээрх татварын дарамт улам нэмэгдэнэ. “Хулгайгаар” өргөн барьсан хуулийн төслийн гол зохицуулалт нь Богдхан уулын дархан цаазат газарт барьсан барилга, байгууламжийн өмчлөгч болон зориулалтаас үл хамааран нэмэлт татвар авах тухай юм. Иргэнээс ам метр тутамд 1000, аж ахуйн нэгжээс 3000 төгрөгийн илүү татвар авахаар хуульчлах гэж байгаа нь яах аргагүй луйвар. Бас ялгаварлан гадуурхалт. Амьдрах орчноор нь иргэдээ ялгаварлан гадуурхаж, өндөр татвар ногдуулахаар завдаж байгаа нь Үндсэн хуулийн эсрэг үйлдэл.
Н.Цэрэнбат сайдын өөрийнх нь тайлбарласнаар бол ийнхүү дархан цаазат газарт барьсан барилга, байгууламжийн өмчлөгчдөөс авах үл хөдлөх эд хөрөнгийн татварыг нэмснээр Богдхан уулын байгаль сэргэж, хамгаалагдан, экологийн доройтол нь багасах юм гэнэ. Харамсалтай нь ийм юм хаана ч, хэзээ болохгүй. Татварыг 50-60 хувиар бүр 100 хувь нэмлээ ч Богдхан уулын дархан цаазат амууд дахь том том хотхон, өндөр сүрлэг барилга байгууламжууд алга болохгүй. Суурьшлын бүс болчихсон 39 мянган га талбайд байгаа бүх барилга, байгууламжийг нурааж газартай тэгшлэн, уул уурхайнх шиг техникийн болон экологийн нөхөн сэргээлт хийж л чадахгүйгээс хойш “хүн амын бөөгнөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, унаган төрхөө алдсан байгалийг нөхөн сэргээхэд эдийн засгийн талаас нь дэмжлэг үзүүлэх” зорилготой гэж барин тавин худал залж суух нь утгагүй юм.
Дээрх хуулийн төсөлд нь “эдийн засгийн дэмжлэг” гэсэн үг бий. Энэ бол Н.Цэрэнбат сайдын өргөн барьсан төслийн гол зорилго төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэснийг харуулж байна. Уг хууль батлагдсанаар төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцоолсон нь үүний баталгаа. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч асан, Хан-Уул дүүргийн иргэн Б.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой дурджээ. Тэрбээр “Төслийн үзэл баримтлал дээр байгаль орчноо хамгаална, Богдхан уулаа аврахын тулд татвар нэмэх хэрэгцээ үүслээ гэсэн байна. Энэ хэр бодитой шалтгаан бэ. Татвар нэмснээр байгалиа хамгаалж чадна гэсэн баталгаа төслөөс олж харсан уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад,
–Дахиад л хуурч, худал хэлж байна. Н.Цэрэнбат сайд Үл хөдлөх эд хөрөнгийн татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах нь гээд судалгааг оны эхээр хийлгэсэн байгаа юм. Тэрхүү судалгаан дотор “Улсын төсөвт нөлөө үзүүлэх эсэх” гэсэн саналд “Тийм”, татварын орлого нэмэгдэнэ гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн байна лээ. Улсын төсвийн алдагдлыг нөхөхийн тулд нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн 100 мянга гаруй иргэнийхээ амьдрал, орлогыг үл харгалзан татварын ачаа үүрүүлэх гэж улайрч байна. “Эрдэнэс-Тавантолгойн хувьцааны ногдол ашиг хуваарилж байна гэж нэг халаасанд нь 94 мянган төгрөг хийгээд зөрүүлээд нөгөө халааснаас нь хамгийн багадаа 80-100 мянган төгрөгийн татвар авна.
НЭГ ГАРААРАА ӨГӨӨД ЗӨРҮҮЛЭЭД НӨГӨӨ ГАРААРАА СУЙЛЖ БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ЭНИЙГ ТӨРИЙН ДЭЭРЭМ ГЭДЭГ БАЙХГҮЙ ЮУ. АРДЫН НАМЫН ЗАСАГ 10 ДАХЬ ТАТВАРААРАА АРДАА ДЭЭРЭМДЭХ ГЭЖ БАЙГАА ХЭРЭГ.
Яармагийн замын урд талд “Шинэ Монгол Харумафүжи зэрэг сургууль, “Гранд мед” зэрэг эмнэлэг цөөнгүй бий. Эдгээр эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын барилгын ам метр тутмаас 3000 төгрөгийн татвар авахаар тооцсон нь сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсөө нэмэхээс өөр аргагүй байдалд оруулна. Шинэ төрлийн коронавирус дэгдсэнээс болоод тэртээ тэргүй улсын эдийн засаг нүдэн дээр нуран унаж байхад аж ахуйн нэгж, иргэдээ татвараар дарамталж, ядарсан дээр нь нэмж өшиглөж болохгүй биз дээ хэмээн хариулжээ.
Хан-Уул дүүргийн иргэдийн дуу хоолой болж, байр сууриа илэрхийлэн тэмцэж буй Б.Ариунболдын дээрх үг сумаа тавиад нумаа нууна гэгчээр татвар нэмэх хуулийн төсөл өргөн барьчихаад гэмгүй царайлж суугаа Н.Цэрэнбат сайдын үнэн дүр төрх, далд санааг ний нуугүй илчилсэн гэж болно. Товчоор хэлэхэд, МАН-ынхан дархан цаазат газрыг хамгаалах нэрийдлээр иргэдээ ялгаварлан гадуурхаж, алагчлан хавчсан татварын бодлого хэрэгжүүлж, авлигачдын ашиг орлогын төлөөсийг ардын нуруунд үүрүүлж, хоногийн хоолных нь мөнгийг дээрэмдэх гэж байна.
Учир нь Богдхан уулын дархан цаазат бүсэд барилга, орон сууц барьсан хүмүүс аль хэдийнэ ашиг, орлогоо олоод, халаас хэтэвчээ түнтийлгээд ихэнх нь тэндээс “дүрвээд” явцгаачихсан. Харин одоо тэдгээр орон сууц, обьектуудыг нь худалдаж авсан иргэд, аж ахуйн нэгжүүд л тэнд ажиллаж, амьдарч байгаа. Тэдний нуруун дээр Н.Цэрэнбатын хууль ачаалал болж бууна. Авлигачдын нуруу тэнийж, ардын нуруу улам бөхийнө өө л гэсэн үг.
Богдхан уулын дархан цаазат газрын хэмжээ 42 мянган га байдгаас нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 39 мянган га нь харьяалагддаг. Нийслэлд хамаардаг энэ газарт ашиглалтад орсон нийт 40 хаус, апартментад 25 мянга гаруй айл төвлөрч, суурьшлын томоохон бүс бий болоод байгаа. Нэг өрх дунджаар дөрвөн хүнтэй гэж тооцвол 100 гаруй мянган хүн энэхүү татварт хамаарахаар байгаа юм. Дундаж түвшний нэг айл 80 ам метр орон сууцтай гэж үзвэл жил бүр 80 мянган төгрөгийн үл хөдлөхийн татвар шинээр төлөх болно. Түүнчлэн энэхүү дархан цаазат бүсэд доо баригдаж байгаа хаус, апартмент 21 буй аж.
Богдхан уулын дархан цаазат бүсэд 150 гаруй эрүүл мэнд, боловсрол, худалдаа, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн судалгаа бий. Хамгийн түгээмэл, дундаж хэмжээгээр тооцоход 200 ам метр талбайд үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж л гэхэд жилд 600 мянган төгрөг нэмж төлөх болох нь. Энэ мөнгө эргээд тухайн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хөлсөнд шингэж, эцэстээ эгэл жирийн иргэдийн халааснаас л гарна.
ИЙМ Л ХОРОН БӨГӨӨД ХАЛТАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ УИХ-ЫН ДАРГЫН ШИРЭЭН ДЭЭР ОЧООД БАЙНА.
Тиймээс НИТХ-ын төлөөлөгч асан, Хан-Уул дүүргийн иргэн Б.Ариунболд “20-иод жилийн өмнөөс Байгаль орчны сайд нарт том авлига өгөөд газар авсан, наймаалцсан талаар хэвлэлийнхэн хангалттай бичсэн. Орон сууц бариад байгааг төр, засаг харж л байсан. Байшингийн суурь тавьж байхад нь очоод зогсоож болох л байсан шүү дээ. Нүдэн дээр нь хууль зөрчөөд байгааг харж байсан төр өнөөдөр гэнэтхэн татвар нэмээд байгалиа хамгаална гэдэг бол жүжиг, улстөрчийн ядмаг популизм. Төсвийнхөө алдагдлыг ардынхаа халаасыг сэгсэрч нөхөх гэсэн санаархал. Өөр юу ч биш. Цар тахлын үед эдийн засаг хүнд байна. Дэлхийн бүх улс орон иргэдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх арга хэмжээ авч дэмжиж байна. Аж ахуйн нэгжүүд үүдээ барих дээрээ тулж ирээд байхад эрх баригчид дэмждэггүй юм гэхэд татвар нэмж хорлохоо нэн даруй зогсоо. Татвар нэмэхгүй гэж амлачихаад хэдэн удаа хуурах гэсэн юм бэ. Тэнд зээл тавиад орон сууц авах гэж байгаа хүмүүсийн амьдралыг сүйрүүлэх гэж байна шүү дээ. Барилгуудыг нураахгүйгээс хойш дархан цаазат бүсээс гаргаж, суурьшлын бүс болгох асуудлыг иргэдтэйгээ ярилцаад, өргөн хэлэлцүүлэг өрнүүлээд, санаа бодлыг нь сонсоод нэг тийш шийдэх ёстой” хэмээн эрх баригчдын бусармаг үйлдлийг хатуу шүүмжилжээ.
Үнэхээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн ардын засаг ардаа алагчлах хууль санаачилж, авлигачдын балгийг амьдралын төлөө зүтгэж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээр төлүүлэх гэж байгаа бол “Битгий давар” гэж хэлэх нь зүйтэй.