Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгчээ. Тэрбээр энэ тухай “Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичсэн байв. Түүнийг гадаад руу оргон зайлсан гэх мэдээллийг нэлээн түлхүү сэвсэн ч ирсэн, эх орондоо цар тахлын үеийн дэглэм сахиж дуусаад хуулийн байгууллагад ийн очжээ.
Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан байдаг.
Оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа, интерполоор эрж эхэлсэн гэх мэдээллийг энэ оны эхээр АТГ-аас өгч байв. Гэхдээ тэдний хэлсэн шиг эх орноосоо зугтсан зүйлгүй, мөдхөн очно гэснээрээ Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 3-нд Монголд газардсан.
Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгсөн яг энэ өдөр С.Баярын шүүх хурал эхэлж, Э.Бат-Үүл эрх баригч нар хүний санаанд багтамгүй зүйлээр гүтгэж байгаа талаар хэвлэлийн хурал хийв. Тэрбээр намайг журмын нөхрөө хөнөөсөн алуурчин мэтээр сонгууль бүрээр харлуулж ирсэн, энэ нь нотлогдохгүй болохоор хулгайч луйварчин болгох гэж оролдож, улс төрийн хэргээр ял тулгах гэж байна. Намайг шоронгоор айлгана гэвэл санасны гарз шүү гэсэн юм. Эдгээр эрхмүүд ямартай ч хууль дуудахад бөхчүүдээр хамгаалуулсангүй, зугтаж гүйлдсэнгүй.
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд асан М.Энхсайханд шүүхээс 4.6 жилийн ял өгсөн. Энэ бол улс төрийн захиалгат ял байсан гэж олон хүн ил тод хэлж байгаа. Энэ бүхний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга бий гэж үзэх хүн ч цөөнгүй байна. УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед М.Энхсайханы араас С.Баяр, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг зориудаар яллана гэсэн олны яриа ар араасаа өрнөж байгаа үйл явдлуудаас харахад үнэний ортой болоод ирлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга хэрэв энэ бүгдийн ард байгаа бол, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж суудаг бол шударга бусын шинэ хонгил хэдийнэ ажиллаж эхэлжээ. Улс төрийн өшөө авалтын галыг эрх баригч МАН-ынхан овжноор ашиглаж, сонгуулиар өөрсдөдөө оноо авах арга хэрэгсэл болгож байгаа дүр зураг ч сайд Л.Оюун-Эрдэнийн ярианаас цухалзаад амжсан. Эдгээр хүмүүсийг хоморголон хорьж, ял өгснөөр одоо эрх мэдэлдээ бялуурч суугаа цөөн хэдэн хүний бах тав ханаж болох ч ардчилсан Монгол орон дарангуйллын балчигт шигдэх нь яг хэнд ашигтай вэ.
Эрх мэдэлтэй явсан хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгах нь ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл. Гэхдээ улс төрийн зорилгоор яллах, хэлмэгдүүлэх, хүний эрхийг ноцтой зөрчих аваас Азийн ардчиллын баянбүрд гэдэг Монгол Улс бас л хар жагсаалт руу гулсах нь дамжиггүй. Дэлхийн улс орнууд Монголыг санхүүгийн “саарал”, Европын холбоо “Хар жагсаалт”-д хэдийнэ оруулсан. Одоо хараат бус шүүх улс төрийн захилгаар ажиллаад эхэлбэл ардчиллын, хүний эрхийн, эрх чөлөөний “Хар жагсаалт”-д ороход ойрхон иржээ. Эрх чөлөө үгүй бол ардчилалд нар жаргасанд тооцдог.