УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улс “Хар жагсаалт”-д орсон талаар тодруулж асуув. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Саарал жагсаалт болон Европын холбооны Хар жагсаалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улс 2019 оны аравдугаар сард Саарал жагсаалтад бүртгэгдсэн. Зургаан үндсэн асуудал байсан. Үүнээс гурвыг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон хурлаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн.
2020 онд коронавирусний халдвартай холбоотой уулзалтууд цуцлагдаж байгаа ч тавдугаар сарын 11-нд Монгол Улсын ажлын хэсэг Олон улсын хамтын ажиллагааны багтай онлайн хурлаа хийнэ. Энэ хурлаар тайлангаа хамгаалаад гарвал Саарал жагсаалтаас гарах боломжтой.
Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан.
Монгол Улс энэ оны 8-р сардаа багтаад Саарал жагсаалтаас гарчихвал Европын холбооны Хар жагсаалтад орохгүй байх боломжтой” гэлээ.