УИХ-ын сонгуульд хаяанд ирсэн энэ цаг үед улс төрийн намуудын дотор нэлээн бужигнаантай, халуухан өдрүүд үргэлжилж байна. Эрх баригч МАН-аас сонгуульд нэр дэвших эрхээ авах гэсэн улстөрчид Төрийн ордонд хонохоос наагуур юм болж байгаа сурагтай. МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нар хамгийн эрэлттэй хүмүүсээр тодорч, нэр дэвших эрхээ авах гэсэн гишүүдийнхээ горьдлого, хадаг яндар хоёрт булуулж байгаа мэдээтэй. Тэтгэвэртээ суух нас нь хэдийнэ болчихсон өвгөн улстөрчдөөс авахуулаад ЖДҮ-чид, залуус гээд сонгуульд тоосоо өргөчих санаатай горьдлого тээн намынхаа байр, Төрийн ордон хоёрыг гороолсон байдалтай.
Н.Энхбаярын МАХН-ын хувьд МАН-аас нэр дэвших шаансгүй болсон, бие даан нэр дэвшихээр горилж мөрийн хөтөлбөрөө өгсөн зарим хүнийг өөртөө урвуулах ажиллагааг уйгагүй хийж байгаа сурагтай. 60 тэрбумын гэх хэргийн толгойлогч гэгдэх болсон М.Энхболдоос авахуулаад олонд сайн муугаараа танигдсан цөөнгүй улстөрчийг МАХН-аас нэр дэвшүүлэх гэсэн ухуулах, урвуулах ажиллагаа яваад байгааг хаврын ногоо хэнзлээгүй байх үеэс хэвлэлүүд мэдээлсэн. Одоо энэ ажиллагаа нь бие даан нэр дэвшихээр шийдсэн зарим улстөрч рүү чиглэсэн мэдээлэл байна.
АН-ын хувьд урьдын адил бужигнаан ихтэй. Өмнөх генсек Ц.Тувааныгаа огцруулж оронд нь Ц.Баатархүүг томилоод удаагүй байгаа АН-ынхан сонгуулийн өмнө даргаа бас өөрчилж мэдэх мэдээлэл дуулдаж эхэллээ. АН-ын дарга С.Эрдэнийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өнөө маргаашгүй Ерөнхий прокуророос УИХ-д орж ирж магадгүй гэсэн “Бор шувуу” Төрийн ордонд нисэж эхэлжээ. Түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн захиран зарцуулалттай холбоотой асуудлаар байсхийгээд шалгадаг, буруутгадаг.
С.Эрдэнийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг Ерөнхий прокуророос УИХ-д албан ёсоор тавьбал улс төрийн хурц байдал лав үүснэ. Нэг талаасаа Ерөнхий прокурорын саналыг УИХ хүлээн авах шаардлага үүсэх хэдий ч нөгөө талдаа сонгуль бараг эхэлж байхад сөрөг хүчний намын даргаар оролдох нь эрх баригч нарт нэмэх оноо лав авчрахгүй. Гэхдээ өөрсдийнх нь яриад байдаг хонгилоор чирэх чиглэл дээрээс өгсөн бол чирч л таарах байх.
Нөхцөл байдлыг хамгийн муу хувилбараар тооцож үзвэл АН гэмт хэрэгт шалгагдаж байгаа, гишүүнийхээ бүрэн эрхийг алдах дээрээ тулсан, нэр хүнд нь олон нийтийн дунд тийм ч сайнгүй даргатай сонгуульд орох шаардлага тулгарна. Энэ нь АН-д бас л нэмэх оноо авчрахгүй. Тиймээс С.Эрдэнийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирвэл АН-ын даргаас түр түдгэлзүүлж, УИХ-ын гишүүн асан, одоо Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа С.Одонтуяаг үүрэг гүйцэтгэгчээр тавих хувилбарыг хүчтэй ярьж эхэлжээ. Хэрэв энэ хувилбарыг гишүүд нь дэмжвэл АН С.Одонтуяагаар удирдуулж сонгуульд орно гэсэн үг.