Хямралын үед татвар нэмж иргэдээ сөхрүүлэх нь хэр шударга вэ, Н.Цэрэнбат сайд аа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат УИХ-ын гишүүнийхээ хувиар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан энэ сарын эхээр УИХ-д өргөн барьжээ. Төслийн үзэл баримтлалдаа Богдхан уулын дархан цаазат газрыг хамгаалах, нөхөн сэргээх зорилготой хэмээн хүний сэтгэл татам малгай өмсгөжээ. Энэ төслийг УИХ-ын цахим хуудаст байршуулахад нэг ч хүн санал өгөөгүй гэж Н.Цэрэнбат сайд онцолсон байв.

Цагаан захтануудын уран гоё ярианы цаана жирийн иргэдийн амьдрал, орлогыг тонон дээрэмдэх далд санаа нуугдсан байх нь элбэг. Н.Цэрэнбат сайдын зүтгүүлж буй хуулийн төсөлд хар дээр цагаанаар бичсэнээр бол татвар нэмнэ. Өмчлөл, зориулалтаас үл хамаарч орон сууцны нэг ам метр талбай тутмаас иргэн 1000, аж ахуйн нэгж бол 3000 төгрөгийн татвар нэмж суутгана. Өнгөц харахад хоёр гүүр давж Зайсан орчимд амьдардаг баячуудад илүү татвар авах нь гэж бодогдоно. Алга ташин дэмжмээр ч юм шиг.

Гэтэл дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд дандаа баячууд амьдардаг уу гэдэг асуулт зүй ёсоор гарна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны мэдээллээр дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд 2078 иргэн, аж ахуйн нэгж 4283 га газар ашигладаг ажээ. Үүнд Зайсан, Арцатын ам, Нүхтэд амьдардаг айлууд багтана. Дээрээс нь сүүлийн үед Яармагийн замын урд тал тэр чигээрээ орон сууцны хотхонууд сүндэрлэсэн. Эдгээр дотор тансаг зэрэглэлийн сууцнууд байдаг ч жирийн иргэдэд зориулсан нийтийн орон сууцнууд цөөнгүй бий.

Дундаж орлоготой нэг өрх 60 ам метр орон сууцанд амьдардаг байлаа гэж бодоход 60 мянган төгрөгийн татварыг шинээр төлнө гэсэн үг. 2002-2012 оны хооронд гэхэд Богдхан уулын 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгжид сургууль, цэцэрлэг, шашны үйл ажиллагаа, 198 иргэнд зуслангийн зориулалтаар газар ашиглах эрхийг төр буюу Байгаль орчин, аяллал жуулчлалын яам нь, сайд нар нь олгосон байх жишээтэй. Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, тэр дундаа дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлалтай сургууль, цэцэрлэгүүд, тэр байтугай Үндсэн хуулийн цэцийн барилгын ам мерт тутмаас 3000 төгрөгийн шинэ татвар авахаар ийн тооцсон байна.

Эрхэм сайд яагаад гэнэтхэн орсон борооны хойноос цув нөмөрч, иргэдийн нуруун дээр шинэ татвар үүрүүлэхээр зүтгэж эхлэв. Эндээс хоёр асуулт гарч байна. Нэгдүгээрт,  Н.Цэрэнбат сайдын харьяалагддаг МАН 2016 оны сонгуулиар нэг ч төрлийн татварыг нэмэхгүй гэж хамгийн чангаар хашгирсансан. Хоёрдугаарт, зарлигаар дархалсан Богдхан ууланд барилга, орон сууц барьсан компаниудаас биш байр худалдаж авсан иргэдээс өндөр татвар авахаар онилж байгаа нь байгаа оноогүй хэрэг биш үү. Одоо бол барилгажсан хэсгийг тусгай хамгаалалтаас гаргаж суурьүлын бүс болгоод, олгоогүй газруудаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалбал илүү үр дүнтэй гэх санал олон гардаг.

Богдхан уулын 24 аманд “МАК”, “Номин”, “Авзага трэйд”, “MCS” гээд Монголын толгой баян компаниуд барилга, орон сууц барьж ашиг орлого олсныг монголчууд бүгд мэднэ. Тэр ч байтугай солонгосууд хүртэл байшин сав бариад, түүнд нь зөвшөөрөл олгочихсон л байдаг. Яагаад ашиг орлогоо хангалттай олсон эдгээр компаниудаас Н.Цэрэнбат сайд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг өндөрхөн хэмжээгээр нэхвэл шударга ёсонд нийцэх бус уу. Ер нь тэгээд үе үеийн Байгаль орчны сайд нарын хийсэн нүглийн төлөөсийг иргэдийн халаасыг тонож цайруулна гэдэг чинь дахиад л дээрэм тонуул шүү дээ.

Хуулийн төслийг үзэх холбоос http://forum.parliament.mn/projects/10831

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...