ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ковид-19 цар тахал яг манай хөрш орноос эхлэн гарсан. Гэсэн ч та бүхний хувьд тооцоолол, судалгааны бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар энэ ажилд маш их хүч, хөдөлмөр зарцуулж байгаа байх?
-Коронавирус /Ковид-19/-ын халдварын дэгдэлт урд нь бүртгэгдэж байгаагүй, өнөөдөр шинэ буюу сэргэн тархаж буй хадварт өвчний тоонд ороод дэлхийн улс орнуудад пандеми цар тахал байдлаар тархаж байна. Манай газар эрүүл мэндийн яаманд нийгмийн эрүүл мэндийн бодлогын арга хэмжээнд голлон анхаарч ажилладаг. Эдгээр өдрүүдэд энэ өвчин, цар тахал нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ хичнээн чухал болохыг ард иргэдэд ойлгууллаа гэж болохоор байна.
БНХАУ-д эхний өвчлөл бүртгэгдэнгүүт бид олон нийтэд энэ өвчнөөс хамгийн энгийн хамгаалах арга болох амны хаалт зүүх, гараа угаах зөвлөмжүүдийг цаг алдалгүй хүргэсэн. Мөн Засгийн газар салбар яамны санаачилгаар хөл хориог маш зөв үед шуурхай авсан нь бидний хувьд нийгмийн эрүүл мэндийн хувьд авч буй хамгийн том арга хэмжээ гэж үзэж байна. Үүний үр дүнд Монгол Улсад өнөөдөр хүн амын дунд тархсан тархвар одоогоор алга. Гэхдээ зөөвөрлөгдөж орж ирсэн, бидний хяналтад байгаа өвчтөнүүдээ бүртгээд, тусгаарлаад, эмчлээд явж байна. Энэ бол их амжилт. Дэлхийн улс орнуудад хийгдээгүй том амжилт гэгдээд явж байна. Түүнчлэн Засгийн газар эрүүл мэндийн салбартайгаа маш ойр, зөв чиглүүлэн хамтран ажиллаж, төрийн бүх байгууллага болон иргэд бидний ажлыг дэмжин ийм амжилтанд хүргэж байна.
Бид анх өвчлөл гарснаас хойш маш хурдтайгаар өвчлөлийн тоо баримтуудад тулгуурлан урьдчилсан тооцооллыг хийсэн. Тухайлбал, хэрвээ манай улсад энэ өвчин дэгдвэл ямар байдлаар дэгдэх вэ, хэдэн хүн хөнгөн, хэд нь хүнд өвчлөх вэ гээд урьдчилсан прогноз гаргасан. Үүнийгээ эрдэмтдийн багаараа хэлэлцүүлж, урьдчилан хардаг цахим загварчлалд үндэслэн бэлэн байдлын төлөвлөгөө, хүний нөөц, эмнэлэг, халдваргүйтгэлийн бодис, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бэлтгэх талаар шуурхайлан ажилласан.
-Эмч гэхээр л эмчилгээ үзүүлж байх мэт ойлгодог байсан. Гэтэл эмчилгээ үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн асуудал маш чухлыг иргэд маш сайн ойлголоо гэдгийг та хэллээ. Бусад үед танай газрын хувьд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажилладаг вэ?
-Эрүүл мэндийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эмчилгээ, шинжилгээ оншилгоо, тусламж үйлчилгээгээр тогтохгүй нөгөө талаас хамгийн чухал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ гэж тодорхойлдог. Халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хүний эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлж болох орчны бохирдлоос сэргийлэх, зөв зохистой дадал хэвшлийг төлөвшүүлэх, олон нийтэд хандан, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх замаар заавар зөвлөмжийг хүргэдэг.
Манай газрын хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр голлон ажилладаг. Тэгэхээр бид өнөөдөр халдварт өвчний үед амны хаалт хэрэглэх, босон суунгаа гараа угаах зэрэг энгийн аргуудаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болдог юм байна гэдгийг бүх нийтээрээ буюу найман настай балчраас наян настай хөгшид хүртэл ой тойндоо ортол мэддэг болж байна. Энэ л бидний хийж буй ажлын гол ач холбогдол.
Ер нь нийгмийн эрүүл мэндийн асуудал бидэнд хичнээн чухлыг мэдрүүлсэн өдрүүд үргэлжилж байна шүү дээ. Бид Эрүүл ахуйн тухай хуулиа 2015 онд батлуулсан. Хэрэгжүүлэхийн тулд маш их хүчин чармайлт тавьсан. Харамсалтай нь байгууллага, иргэд тодорхой ач холбогдол өгөхгүй, хэнэггүй хандаж байснаас хэрэгжилт нь тааруухан байсан. Харин өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт маш сайн байна. Гудамжинд нус, цэрээ хаях, ил задгай газар бие засах зэрэг үйлдлүүдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгохоор болсон нь нэг талдаа Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулсан.
-Тэгвэл давхар амжилттай л яваа юм байна?
-Тэгэлгүй яах вэ. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал хэвшил маш их сайжирсан. Амны хаалт зүүх, гараа угаах зэрэг зөвлөмжийг гаргаж эхэлснээс хойш бусад халдварт өвчин, амьсгалын замын халдварт өвчин 15.2 хувиар буурсан. Ердөө нэг хувийн бууралтын ард маш олон хүний өвчлөл буурсан бодит тоо байдаг. Гэтэл 15.2 хувиар буурч байгаа их амжилт. Мөнтүүнчлэн хадваргүйтгэл хийж сурч байна. Албан байгууллагууд өөртөө тохирсон халдваргүйтгэлийг хийж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төв голомтын ариутгалыг хийж байна /тусгай үүргийн онгоц, автобуснуудыг халдваргүйтгэж байна/. Энэ бүх ариутгал халдваргүйтгэлийг хийхэд манай Нийгмийн эрүүл мэндийн газраас тусгайлсан зөвлөмж заавраар ханган ажиллаж байна. Банкныханд мөнгөн дэвсгэртүүдийг хэрхэн яаж ариутгаж, халдваргүйжүүлэх, за мөн хилээр нүүрс тээвэрлэж буй жолооч нарт хүртэл тусгайлсан зөвлөмж өгч байна. Цаашилбал, цэргийн анги нэгтгэл хэрхэн ажиллах, хорих ангиудад ч энэ бүхэн өөр өөр горимоор хийгддэг. Эдгээр бүх зөвлөмжийг манай газраас хүргэн ажиллаж байна. Энэ бол халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тухайд авч хэрэгжүүлж буй ажил шүү.
-Төр, Засгийн газрын олон байгууллага хамтран ажиллаж байна гэдгийг та яриандаа хэлсэн. Тэдгээрийн хийх алхам, хэрэгжүүлэх үйлдлийг танай Нийгмийн эрүүл мэндийн газрын хамт олон хамгийн түрүүнд судалж, тооцоолж нийтэд хүргэхэд бэлтгэж байгаа байх. Ингэхэд бүрэлдэхүүний хувьд хэдүүлээ вэ. Ачааллын хувьд багагүй байгаа байх?
-Манай газар 13 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний маань тав нь Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтэст ажиллаж байна. Энэ хэлтэс маань өдөр бүр 11:00 цагт коронавирусын талаарх цаг үеийн шуурхай мэдээллийг өгч байгааг одоо олон нийт мэддэг болсон. Дэлхий нийтэд цар тахал ямар байна, тоо, судалгаа хэрхэн өөрчлөгдөж байна, хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ зэргийг судалж ард иргэдэд цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.
Манай газрын хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдгийг түрүүнд хэлсэн. Өөрөөр хэлбэл, осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ, хоол тэжээлээ яаж зөв зохистой хэрэглэх вэ, ямар хоол тэжээлийг түлхүү авах, нөхөн үржихүйн тал дээр юу анхаарах вэ, бэлгийн замын халдвар болон сүрьеэгээс хэрхэн сэргийлэх вэ зэрэг бүхий л халдвараас сэрийлэхийн тулд ажилладаг. Манай газрын бас нэг чиг үүрэг нь судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан бодлогын арга хэмжээ авах. Тэгэхээр энэ бүх нийгмийн эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгээр бид судалгаа шинжилгээ, эрсдлийн үнэлгээнд суурилж, бодлогын арга хэмжээ гаргах тал дээр ажилладаг.
-Дэлхий дахинд гарч байгаа өвчлөлийн мэдээн дээр суурилан эрсдэлийн үнэлгээг хийдэг гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Урьдчилан сэргийлэхийн тулд эрсдэлийг тооцох ёстой. Бид коронавирусын халдвараас сэргийлэх ажлаа эрсдэлийн үнэлгээнд суурилан хийж байна. БНХАУ-д анх өвчлөл бүртгэгдсэн цагаас хойш 6 удаа эрсдэлийн үнэлгээг хийсэн. Өмнө нь зөөвөрлөгдөн орж ирэх магадлалын эрсдэлийн үнэлгээг хийсэн бол сүүлийн хоёр үнэлгээг Монгол улсад дээрх өвчин тархах эрсдэлийг судалсан. Энэ үнэлгээг хийхдээ Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, МХЕГ гээд бүхий л тусгай чиглэлийн байгууллагатай хамтран ажилладаг. Үнэлгээнд суурилж авах арга хэмжээг төлөвлөж, хийж хэрэгжүүлдэг гэсэн үг. Олон нийт Улсын онцгой комисс, ХӨСҮТ-ийн шуурхай штаб зэргийг мэддэг боллоо шүү дээ. Эд нар маань яг л эрсдэлийн үнэлгээнд суурилсан үйл ажиллагаагаа төлөвлөөд явж байдаг.
-Эрсдэлийн үнэлгээ хийхэд тухайн улс орны цаг агаарын нөхцөл байдал, иргэдийн бие физилогийн онцлог нөлөөлж байна уу?
-Өвчлөл өөр оронд бүртгэгдээд эхэлмэгц Эрүүл мэндийн яамны дэргэд Тархвар судлалын 12 эрдэмтнээс бүрдсэн баг байгуулсан. Энэ багт Академич П.Нямдаваа тэргүүтэй эрдэмтэн мэргэд ажиллаж байгаа. Манай газраас гарч буй бүх бодлогын бүх арга хэмжээнд зөвлөмжөө өгөөд явж байна. Саяхан дээрх эрдэмтдийн баг гурав хоногийн өмнө хуралдаж, монгол хүний биед энэ вирусын нөлөө ямар байна, ямар нөлөөлөл үзүүлэхээр байна гэх зэргийг судлах судалгааны ажил шаардлагатайг хэлэлцсэн. Үүнийг Эрүүл мэндийн сайдад уламжилснаар судалгааны ажлын эхний санхүүжилтийг Шинжлэх ухаан технологийн сангаас шийдвэрлэх талаар хэлсэн. Ингэснээр монгол хүний генетикт суурилсан судалгааны ажил эхэлнэ гэсэн үг. Эрүүл мэндийн сайд маань эрдэмтэн мэргэдийн үгийг маш сайн сонсоно, шийдэмгий, онцгой мэдрэмжтэйгээр энэ бүх ажлыг удирдан хийж байна.
-Бусад оронтой харьцуулахад орлого багатай орон ч гэсэн аюулыг бол сөрөөд даваад байгаа нь эрүүл мэндийн салбарынхны чадварыг харуулж байгаа байх?
-Коронавиусын шинэ, сэргэн тархаж байгаа энэ өвчин олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг өвчин юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гишүүн орнууддаа Олон улсын дүрмээр зохицуулагддаг өвчнөөс сэргийлэх шуурхай удирдлагын тогтолцоогоор ажиллахыг зөвлөмж болгодог. Тэр нь манайхны яриад байгаа Тохиолдлын удирдлагын тогтолцоонд орж ажиллахыг ярьж байгаа юм. Манай улсад ЭМЯ-ны хувьд манай газрын Олон нийттэй харьцах тандалт шуурхай удирдлагын хэлтэс энэ чиг үүргийн дагуу ажиллаж байна. Дэлхийн бусад оронд Халдварт өвчнийг хянах тогтолцоо буюу СиДиСи/CDC/-ийн тогтолцоо гэж бий. Энэ тогтолцоо нь АНУ, БНХАУ зэрэг дэлхийн хөгжингүй маш олон оронд нарийн зохион байгуулалттай байдаг төдийгүй анагаахын мэргэжлийн бөгөөд цэргийн цолтой генерал хүн удирддаг юм билээ. Манай улсад энэ удаа Эрүүл мэндийн сайд маань энэ ажлыг гартаа авч, ажлаа маш сайн зохион байгуулсны үр дүнд хөгжингүй орны CDC шиг л зохион байгуулалтад орж ажиллаж байна. Үндсэндээ манай яам CDC-гийн зохион байгуулалтад шуурхай шилжсэн. Эндээс харж байхад цаашдаа CDC шиг хадварт өвчнөөс сэргийлэхэд яаралтайгаар цэргийн зохион байгуулалтад шуурхай шилжих, бэлэн байдлаа хангаж ажиллах байгууллага шаардлагатай гэдэг нь ч харагдаж байна. Товчхондоо аливаа олон нийтийг хамарсан халдварт өвчний үед хариу арга хэмжээг зохион байгуулдаг, тандалт судалгаа хийх чадвартай, эрүүл ахуйн норм журмыг сахиулдаг цэргийн зохион байгуулалтад шуурхай шилжих зохион байгуулалт бүхий байгууллагатай болох шаардлага аль хэдийн үүсчээ.
-Энэ чухал байгууллага хүссэн хүсээгүй гарч ирж ажиллаж байна. Бусад улсад шууд цэргийн зохион байгуулалтад орж ажилладаг гэж байна. Гэтэл манайд бол эрүүл мэндийн салбарынхан маань эмчийн тангараг өргөсөн учраас ажлын ачааллыг үл тоон ажиллаж байна гэж харж болох уу?
-Манайд Шадар сайдын тушаалаар ХӨСҮТ дээр шуурхай баг байгуулагдчихсан. Эрүүл мэндийн яаман дээр маань Тохиолдлын удирдлагын тогтолцоог шуурхай удирдлагаар зохицуулан ажиллах баг гарчихсан ажиллаж байгаа. Хэдийгээр манайд CDC шиг байгууллага байхгүй байгаа ч зохион байгуулалтад орсон баг, штабууд маань хөгжингүй орнуудын CDC шиг л ажиллаж байгаа. Үндсэндээ халдварт өвчнийг хянах төв шиг өргөн зохион байгуулалтад орсон. Тиймдээ ч хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээг шуурхай авсны үндсэн дээр бид бүх бэлтгэл ажлаа хангаж чадсан. Хүний нөөцийн хувьд ч зохион байгуулалтаа хийчихсэн. Тухайлбал эмч нараа хэн нь хаана хэдэн цагаар ажиллах вэ гэдэг жагсаалтаа ч гаргачихсан байгаа.
-Гэхдээ ХӨСҮТ-д олон хоног хариагүй эмч, сувилагч нар бий гэсэн шүү дээ?
-Вирусын халдвар одоогоор зөвхөн зөөвөрлөгдөж орж ирсэн учраас эмч нар маань ээлжгүйгээр эмчилгээ хийж байгаа. Халдвар, хамгаалалт, сэргийлэлтийн асуудалтай холбоотойгоор тусгаарлалтад орж ажиллах, эмч нарыг зохицуулалт хийж ажиллаж байна. Тэгэхээр бид ч, ХӨСҮТ ч халдварт өвчин хүн амын дунд бүртгэгдээд эхэлбэл эмч нарын ажиллах зохион байгуулалтаа хийж байгаа гэсэн үг. Хүний нөөцийн бэлэн байдлаа ханган ажиллахад эмч, сувилагч нарынхаа нэрсийг гаргаж, ээлж дараалал хуваарийг нь ч эмнэлэг бүр гаргачихсан байгаа.
-Өмнө нь холер зэрэг халдварт өвчний үед өнөөгийнх шиг тодорхой хэмжээгээр хөл хорио тогтоон ажиллаж байсан. Тухайн үед мөн л хорионоос гарч зугтаж байна, эсэргүүцлээ илэрхийлж байна гэх асуудал үүсч байсан. Тухайн үеийн иргэдийн нийгмийн сэтгэлзүйн байдал, хандлага өнөөгийнхтэй харьцуулахад өөрчлөлт байна уу?
–Иргэдийн хандлага маш их өөрчлөгдсөн. Бид хамтдаа тэмцэж, энэ аюулт өвчнөөс сэргийлж чадна гэдэг мессежүүдийг гар утаснуудаар иргэд хүргэж байгааг хүн бүр анзаарсан байх. Эдгээрийг маш сайн биелүүлж, өөрсдийгөө хамгаалж байна. Ард иргэд маань ихэнх нь маш хариуцлагатай, өөрсдийгөө тусгаарлах ёстой гэдгийг ухамсарлаж байна. Бүх заавар, зөвөлгөөг мөрдөн ажиллаж байна. Ихэнх иргэн ойлголттой болчихсон байна. Иргэддээ энэ дашрамд талархал илэрхийлмээр байна. Та бүхэн маань бидний ажлыг маш сайн дэмжиж байна гэсэн үг шүү. Түгээмэл бус цөөн тохиолдолд асуудал үүсгэсэн байх. Гэвч нийт иргэдийн ихэнх хувь нь аливаа асуудал үүсгэлгүй эрүүл мэндийн салбартайгаа хамтран, дэмжин ажиллаж байгаа.
-Өдөр бүр ЭМЯ-наас 11:00 цаг үеийн мэдээлэл өгч байгаа. Үзэгч, сонсогч, уншигч бүхэн мэдээлэл өгч байгаа хүмүүсийг бараг таньдаг болчихсон. Харахад хуруу дарам цөөн хүн байгаа боловч ард нь маш том баг ажиллаж байгаа байх?
-Халдварт өвчний эрсдэл гарсан үед мэдээлэл холбоо харилцааны эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа холбоо гэдэг заавар, журмын дагуу иргэдэд өгөх мессежийг нэг л сувгаар өгөх учиртай. Манайхаас гэхэд яг энэ ажлыг олон нийтэд Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтэс өгч байгаа. Уншигчид таньдаг болсон байх Нарангэрэл даргыг. Түүний өгч буй мэдээллийг бэлтгэхийн тулд ард нь төлөвлөлтийн баг, шуурхай арга хэмжээний баг, эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа холбооны баг, нөөцийн баг гээд маш олон хүн ажилладаг.
Вирусын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ мэдээлэл, зөвлөмжийг өнөөдөр, маргааш өгнө гэхчилэн төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн салбар бүхэлдээ ажиллаж байгаа. Энэ бүх үйл ажиллагаа өдөр тутамд иргэдэд хүрч буй 11:00 цагийн мэдээллээр хязгаарлагдахгүйгээр ард нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Онцгой байдал, хил, хяналт, цагдаа, тагнуулын байгууллагууд бүгд хамтран ажиллаж байгаа.
Дээр хэлсэнчлэн олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчин гэдэг яг өнөөгийн цаг үе. Товчхондоо коронавирусын үед ажиллах тохиолдлын удирдлагын тогтолцоо юм. ХӨСҮТ-д штаб байгуулагдан ажиллаж байгаа. Энэ штаб илэрч буй тохиолдлуудын халдварлах эрсдэлийн судалгааг хийдэг. Нэг хүний ард олон хавьтал байдаг. Манайхан их сайн мэддэг болсон нь франц улсын иргэний явсан маршрутыг гаргасан шүүдээ, ойрын уулзсан иргэдийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Хэн, хаагуур, юу хийж, хэнтэй уулзсан бэ гэдэг зураглалыг гаргаж, хавьтлуудыг нь илрүүлж, шинжилгээ хийдэг. Үндсэндээ цар тахлыг “цурманд” оруулж байгаа юм. Тэр штабд зөвхөн тархвар судлаачдаас гадна Онцгой байдлын албаныхан, мэргэжлийн хяналтынхан, гааль, цагдаа, тагнуулынхан гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. 40 гаруй хүнтэй баг олны нүдэнд харагдахгүй байгаа ч тэрхүү чухал ажлыг хийж, цаг, өдрөөр төлөвлөгөөгөө гарган ажиллаж байгаа.
Энэ тохиолдлын удирдлагын тогтолцоонд эрүүл мэндийн салбар хэрхэн шуурхай ажиллах талаар АХБ-ны дэмжлэгтэй төсөл хэрэгжүүлж байна. Мөн ДЭМБ-ын дэмжлэгтэй, олон улсын эрүүл мэндийн дүрмээр ажиллаж байгаа.
-Манай улсад, дотоодод халдвар тархчихаагүй учраас манайханд бэлэн байдлаа хангах их том боломж өгсөн гэсэн?
-Бид БНХАУ-ын сургамжид үндэслэн ажлаа төлөвлөн ажиллаж байгаа. Бидэнтэй маш ойр хил залгаа газруудад халдвар бүртгэгдсэн. Эдгээр нь бидэнд сургамж болж байгаа. Засгийн газар яаралтай арга хэмжээ авснаар бид ч цаг хожиж, төлөвлөлтөө хийж, бүх нөөцөө бэлтгэсэн. Энэ их том боломж. Бид дэлхийн бусад орны сургамжид тулгуурлан ажиллах боломж ч гарч байна.Өдөр бүр ДЭМБ-аас эрүүл мэндийн салбарынханд зориулсан сургалт зохион байгууллагддаг. Ямар зөвлөмж өгөх, халдваргүйтгэл, ариун цэврийн нөхцөл ямар байх вэ зэргээр хичээл, сургалтуудыг зохион байгуулж, цахимаар бүртгүүлээд хичээлдээ оролцож байгаа. Мөн АНУ, Итали, ОХУ ямар хүнд байдалд орж байна. Тэдгээрийг бид харж байгаа нь сургамж болж байна. Герман, Япон, БНСУ зэрэг орон халдвар, хамгаалалтыг хэрхэн хийж, шинжилгээ, оношлогоо, эмчилгээ үйлчилгээг ямар сайн үзүүлж байна гэдгийг ч харж анхаарч байна. Тиймдээ ч эрсдэлийн үнэлгээг хийж, хариу арга хэмжээний төлөвлөлт гаргасан. Тухайлбал, хоорондоо хамааралгүй буюу алаг цоог халдвар гарсан нөхцөлд хэрхэн ажиллах вэ, өвчлөл голомтон гарвал хэрхэн ажиллах вэ, нийт хүн амд өвчлөл гарсан тохиолдолд хэрхэн хадварыг хумих вэ гэдгээ бүгдийг нь төлөвлөөд байна.
-Коронавирусын халдвар, тархалт эрүүл мэндийн салбарын хөгжлийг давхар шалгаж байна. Манайх ч нөөцөө бэлтгэсэн талаар та сая хэлсэн. Энгийн үед эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, эм бэлдмэлийн хувьд хомсдолтой гэх гомдлоос тасардаггүй байсан даа?
-Ер нь эрүүл мэндийн салбарыг Засгийн газар сүүлийн хэдэн жил байгаагүйгээр дэмжсэн. Хүний нөөц, эмч мэргэжилтний цалин хөлс, нийгмийн асуудлыг маш сайн дэмжсэн. Эмнэлгийн тусламжийн тал дээр хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, амьсгалын аппаратын хангамж, бүх зүйл үнэхээр сайжирсан. Засгийн газар маш ихээр дэмжиж байгаа.
Энэ салбарыг дэмжиж байна гэдэг нь өөрөө монгол хүний эрүүл мэндийн төлөөх ажил. Хүн эрүүл байж л баялаг бүтээнэ шүү дээ. Олон улсын зээл тусламжийг эрүүл мэндийн салбарт хандуулж байна, эрүүл мэндийн санхүүжилтийг маш эрчимтэй нэмэгдүүлж байна. Энэ бүгд төр засаг эрүүл мэндийн салбарт анхаарлаа ихээхэн хандуулж буйн тод илрэл юм. Бидний ажлыг уншигчдад хүргэж байгаа танай сонины хамт олонд талархлаа илэрхийлье.
Эх сурвалж: Erennews.mn