Он удаан жил дуншиж, гахай дээс томж найзыгаа аврахын үлгэр лугаа болсон IV төрөх буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг удахгүй дуусгаж ашиглалтад оруулах тухай таатай мэдээ сонстлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ долоо хоногийн мэдээллийн цагийн үеэрээ Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулахаар болсон тухай дуулгав.
Тус эмнэлгийн барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгаагаа хотын дарга мэдээллээ.
Уг эмнэлгийн сураг олон жил яригдаж, аль тэртээ 2008 онд зураг төсөв зохиож, 2010 онд барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурж байлаа. Гэвч гэрээ байгуулснаас хойш гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөж байсан уг эмнэлгийн барилга 10 орчим жил царцсан гунигт түүхтэй билээ.
Барилгын гүйцэтгэгчээр шалгарсан “Нийслэл Өргөө” компани санхүүжилтын хөрөнгөнөөс завшсан, төсөв хүрээгүй зэрэг шалтгаанаар барилгын ажлыг зогсоож, үүний дараа төсөвт санхүүжилт тусгагдаагүй гэх мэт шалтгаанаар он, он дамжин царцсан. “Нийслэл Өргөө” компани төсвөөс 19 тэрбум төгрөг авч “идсэн” ч барилгын дөнгөж 30 хувийг л гүйцэтгэсний балгаар IV төрөхийн барилгын “гахайн” үлгэр эхэлж байв.
Үүний дараа 2017 оны долдугаар сараас “Томо бюлдинг” ХХК-тай дахин 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийж царцсан барилгын ажлыг нэлээд урагшлуулсан. Гэхдээ гахайны үлгэр дуусах бас л болоогүй байсан бололтой, өнгөрсөн оны III улиралд ашиглалтад оруулна гэж байсан эмнэлгийн барилга дулаан, цахилгаан, цэвэр бохир усны асуудлаас болж дахин саатаж өдий хүрсэн юм.
Хүүхдийн 140 ор, төрөхийн 160 ортой томоохон цогцолбор хэлбэртэй уг эмнэлэгийг ашиглалтад оруулчихвал ачааллаа дийлэхгүй байгаа төрөх эмнэлгүүдийн нуруу хөнгөрч, Монголын мянга, мянган эх үрсэд буян болох нь лавтай.
Шатсан намын байраа хэдхэн сарын дотор бариад босгочихдог овсгоотой төр засгийнхан маань ямартай ч ирэх сонгуулиас өмнө урьтаж 10 жил дуншсан IV төрөхийн барилгаа дуусгаж, гахайн үлгэрээ жаргаах бололтой. Сонгуулийн буян гэж…