Онлайн худалдааны “Амазон” сайт коронавирусын халдварын эсрэг үйлчилгээтэй, бүр эмчилдэг гэх сая гаруй бүтээгдэхүүнд хориг тавьж сайтдаа байршуулахаас татгалзжээ. Тус сайтынхан Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа халдвар дэлхий даяар дэгдсэн энэ цаг үед ашиг хонжоо олох гэсэн увайгүй хүмүүсийн өндөр үнэтэй, эрүүл мэндийн мянга, мянган бүтээгдэхүүнийг сайтаасаа устгаж байгаагаа хэлсэн байв.
ДЭМБ-аас энэ сарын эхээр Амазон сайт дахь коронавирусын эсрэг үйлчилгээтэй гэх хуурамч бүтээгдэхүүнүүдийн талаар сэрэмжлүүлсэн билээ. Ийм хуурамч бүтээгдэхүүнүүд олон нийтийг төөрөгдүүлж буйг анхааруулсан тул Амазоныхан ийнхүү арга хэмжээ авчээ.
Үүнээс гадна маск, ариун цэврийн салфетка, гар ариутгагч гэх мэт хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг ердийнхөөс өндөр үнээр худалдаалж байгаад ч Амазоныхан анхаарал хандуулж байгаа аж. Эрэлт ихэссэнээр далимдуулж үнийг хөөрөгддөг талбар нь Амазон биш. Тиймээс цаашид үнийн хөөрөгдөлд хяналт тавих болно гэж тус сайтынхан Ройтерс ярьжээ.
Зөвхөн Амазон гэлтгүй онлайн худалдааны сайтуудаар маск, вирусын эсрэг үйлчилгээтэй нойтон салфетка, элдэв дархлаа дэмжих амин дэмүүдийг ердийнхөөс хэд дахин өндөр үнэтэй зарах болсон юм.