2016 онд өрсөлдөгч намдаа цэвэр ялагдсан АН УИХ-ын ээлжит сонгуулийн жил гарчихаад байхад ч мэнгэ нь голлосон хэвээр үлбэгэр байгаа бололтой юм. УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авна гэж зөрүүдэлснээсээ эхлүүлээд дотооддоо бужигнаантай байх болсон. АН-ын хууль ёсны дарга нь С.Эрдэнэ гэх боловч алсын зайн удирдлагатай болоод удаж байгаа талаар тус намын гишүүд өөр хоорондоо шивэр авир гэлцэх болов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн ордонд суудалтай боловч гар нь АН-ын төв байр хүртэл сунадаг болсон юм байх. Сонгуульд нэр дэвшүүлэх 76 хүний 20-иос багагүйг нь Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгч нараас бүрдүүлэх хатуухан үүрэг дээрээс өгчээ. Энэ хүслээ баталгаажуулахын тулд Тамгын газрын дарга З.Энхболдыг АН руу илгээж, сонгуулийн ерөнхий менежер болгохыг тулгасан дуулдав. С.Эрдэнэ АН-ыг, С.Эрдэнийг Ерөнхийлөгч захирах хүсэлтэй байгааг эндээс харж болмоор.
З.Энхболд одоогоор нүүдэл хийгээгүй ч АН-ын ажлын аппаратад өөрийнхөө хүмүүсийг томилоод эхэлсэн юм билээ. Үүнээс харвал Ерөнхийлөгчийн тамгыг атгаж байгаа З.Энхболд тун удахгүй АН-ын тамгыг атгахаар бараа бологч нараа дагуулан сүрийг үзүүлэн ирэх нь тодорхой болжээ. С.Эрдэнэ хүссэн ч, эс хүссэн ч АН-ын даргын эрх мэдлээ алсаас удирдагчтайгаа хуваалцахаас өөр сонголтгүй болж таарна.
Ядаж байхад АН-ын угшилтай Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан баричвлаад хорьчихлоо. Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нараас С.Эрдэнэд үгүй дуугүй бай гэж өгсөн сануулга хэмээн бичицгээж байна. Ортой ч байх.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан томчуудын тохилцооноос дайжих нэрээр сонгуульд нэр дэвших тойрог руугаа гүйгээд тогтохоо больсон юм байх. Коронавирүсээс болоод цагаан сарыг цуцалж, хөл хорио тогтоохоор ярьж байхад Ц.Туваан дарга Төв аймагт хүмүүс цуглуулаад уулзалт, ухуулга хийгээд байгаа тухай гомдол ирэх болжээ. АН-д ямар ч эрх мэдэлгүй болсон учраас хуулийн цоорхой хайн тойргоо нууцаар услахаас өөр сонголт түүнд үлдээгүй байж мэднэ. Намаа биш хувиа бодсон энэ үйлдэлд нь хэн дуртай байх вэ дээ.
Саяхан явуулсан судалгаагаар үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүлсэн байсан. Энэ анхны удаагийнх ч биш, өмнө нь ч нэр хүнд муутай улстөрчдийн жагсаалтад байнга л нэр нь ороод байгаа. Дарга нь сайн нэргүй, генсек нь тойргоо усалж гүйгээд тогтохгүй эзэнгүй айл шиг ийм дүр зураг одоогийн АН-д харагдаж байна. Ялах магадлал өндөртэй нийслэлийн мандатаас эрх баригч МАН хүчиндэж байгаад дөрвийг дээрэмдчихсэн. Ийм байхад АН-ыг алсаас удирдах хүсэл хэнд ч төрөх л байх.
Ямартай ч АН алсын удирдлагатай болжээ. Тун удахгүй Төрийн ордноос АН-ыг чиглэсэн их нүүдэл эхлэх нь тодорхой байна. Хавар ч болж байна даа.