МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ уриалан БНХАУ-д коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр хандивын аян эхлүүлээд буй. Энэ хүрээнд цугларсан эхний 140 сая төгрөгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд гардуулан өглөө.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: ”Бидний хөрш, хамгийн том худалдааны түнш оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалд тусламжийн гараа сунгах ёстой гэдэг дээр манай бизнес эрхлэгчид санал нэгдсэн. Өнөөдөр бид Хятадын ард түмэнд 140 сая төгрөгийн хандив өргөж байна. Үүнд манай хувийн хэвшлийнхний санаачилга өндөр байгаад баяртай байна. БНХАУ халдварт өвчинтэй тэмцэх ажлыг, манай улс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж байна. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгчлэн энэхүү хүнд нөхцөлд эв санааны дэмжлэг үзүүлэх нь чухал юм” хэмээгээд нийт бизнес эрхлэгчдийг аянд нэгдэхийг уриаллаа.
Тэрбээр “Хятадад өвчний нөхцөл байдал хүнд байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд нас баралт буурч, эдгэрсэн хүний тоо хурдацтай нэмэгдэж, халдварт өвчинтэй тэмцэх ажил үр дүнгээ өгч байна. Шинэ төрлийн халдварт өвчинтэй тэмцэх ажлыг манай улсын дарга Си Жиньпин өөрөө командалж, Ерөнхий сайд ажлын хэсгийг тэргүүлж, Хятад улсын хэмжээнд өвчнийг хяналтад авах системийг богино хугацаанд бий болголоо.
Үүний зэрэгцээ Хятад улс бусад улсад коронавирусний халдвар тарахаас сэргийлэн авч буй арга хэмжээг ДЭМБ-аас өндрөөр үнэлсэн. Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, бизнесийн хүрээнийхэн, хувь хүмүүс энэ хугацаанд Хятадын ард түмэнд маш их дэмжлэг үзүүлж байна. Бидэнд зориг нэмж, халдварт өвчний эсрэг нэгдэж буй Монголын ард түмэнд Хятадын ард түмэн гүнээ талархаж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Монголчуудын энэ ач тусын хариуд хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө манай ЭСЯ чармайн ажиллах болно” гэв.