Иргэн Г.Буяндорж авлигач шүүгч, прокуроруудаас болоод 25 тэрбум төгрөгөөр хохирсноо олон нийтэд зарлав. Сонирхолтой нь, Монголын бизнесийн салбарт сайн муугаараа дуудуулж ирсэн мань эр дугтуйтай баримтаа аваад АТГ-ыг биш Ерөнхийлөгччийн Тамгын газрын дарга З.Энхболдын өрөөг зорив. Ирэхэд нь хэвлэлийнхэн бэлэн, З.Энхболд дарга ч завтай угтсан. Үүнээс цааш болсон яриаг бүх телевиз, сайтаар гаргасан учир нурших илүүц биз.
Хараат бус статустай, бие даасан хуультай АТГ-ын гол үүргүүдийн нэг нь төрийн албан хаагчидтай холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр мөшгиж, гэм буруутай эсэхийг нотлох баримтын үндсэн дээр тогтоодог. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бол төрийн тэргүүнд үйлчилж, гал тогоог нь хариуцах чиг үүрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг ҮАБЗ дээр бараг бүх асуудлыг татан авчирч шийдвэрлэдэг болсноос хойш бүх зүйлийн байр солигдож байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын онцгой бүрэн эрхийг хуваалцах болсон, Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын үүргийг өөртөө шилжүүлэн авсан нь олон нийтэд нэгэнт тодорхой болов. Айл гэрээр төлөөлүүлэн бодвол аав нь хүүхэд төрүүлж, ээж нь адуу малтай ноцолдож, хүүхдүүд нь өрхийн орлогоор чихэр бурам эргүүлээд байгаа ч юм шиг. Ямартай ч Үндсэн хууль болон бусад хуулиар хил заагийг нь нарийн тогтоож өгсөн эрх мэдлийн хуваарилалт зүй тогтлоосоо гажаад одов.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ер бусын гэмээр ааш аяг гарах боллоо. Өмнөх прокурор нь ЖДҮ-ийн санг цөлмөсөн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгахаар лав 10 гаруй гишүүний асуудлыг жин тан болгоод ажлаа өгсөн байдаг. Гэтэл Б.Жаргалсайхан прокурор ЖДҮ-чдийг хоргодох байранд оруулчихаад ганц Н.Номтойбаяртай ноцолдож бяраа мэдрүүлэв.
Шалгах шаардлагатай бол хэний ч бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ ЖДҮ-гийн хулгайч гишүүдийн толгойг илээд, хамгаалаад байх нь шударга явдал лав биш. Иргэн Г.Буяндорж дугтуйтай бичгээ З.Энхболдод өгсний маргааш л Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргаж, гомдлын мөрөөр мөрдлөг шалгалт хийх болсноо гэрлийн хурдаар тайлагнав. Энэ мэдэгдлийг олон нийтэд зориулж гаргасан уу, орой дээрээ суугаа оюун санааны удирдагчдаа зулгуйдав уу гэдэг асуулт гарна.
Жирийн иргэдээс Прокурорт хаягласан гомдол санал мянга мянгаараа байгаа. Тэр болгоны араас Б.Жаргалсайхан прокурор мэдэгдэл гаргаж түргэн шуурхай шийдвэрлэнэ, шалгана гэж хэлж үнэхээр чадах уу. Эсвэл З.Энхболдын өрөөндөө тусгайлан хүлээж авсан өргөдөлд л ингэж онцгой байдлаар хандах уу гэдгийг мэдмээр санагдаад байна. Энэ асуулт тавьсны маргааш мэдэгдэл гаргаад хариулах болов уу хэмээн найдъя.
Улстөрчдийн яриад байдаг шударга бусын хонгилыг иргэдэд биш даргад таалагдах гэж хар хөлсөө цутган гүйдэг төрийн албан хаагчид барьсан юм гэнэ лээ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хараат бус байдлаа З.Энхболд даргын өрөөний үүдэнд гээж, чиглэл өгсөн хэргүүдийг жигтэйхэн хурдтай шалгаад, шийдээд эхэлбэл нэр нь өөр боловч шударга бусын шинэ хонгил л үүснэ. Таны өмнөх Ерөнхий прокурорын сайн, мууг мэдэхгүй юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн нүд рүү харж байгаад хараат бус байдлаа хамгаалж, прокурорууд хэн нэгний дохио зангаагаар хөдөлдөг байж болохгүй гэж хэлж чадаж байсан шүү.
З.Энхболд УИХ-д нэр дэвших гээд, АН-ын сонгуулийн ерөнхий менежер болчих гээд нэлээн юм болж байгаа сураг дуулдах болсон. Сонгуульд нэр дэвшихдээ сонгогчдоос оноо авах гэж хуулийн байгууллагын ажлыг өрөөндөө хийгээд, түүнийг нь прокурор дэмжээд явж байгаа бол сүйрэл л гэсэн үг. Үндсэн хуульд тангараг өргөсөн Ерөнхийлөгч Тамгын газрын дарга нь өрөөндөө шоу хийж байгааг өөгшүүлж боломгүй. Шударга бусын хонгил гэж баахан хашгирчихаад сонгуулиар санал худалдаж авахад прокурорын байгууллагыг ашиглаж шинэ хонгил ухаж байгаа бол үүний эсрэг нэн даруй тэмцье.
Б.ТҮВШИНТӨГС