Он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээл тэглэх шийдвэр гаргасан тухай хэлсэн. Түүний энэ үг олон нийтийн дунд олон асуулт үлдээж орхисон. Зарим нь алга ташин дэмжиж байхад нөгөө хэсэг нь эдийн засгийн хувьд оновчтой шийдэл биш гэж шүүмжлэх жишээтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар яг энэ асуудлаар зарим сэтгүүлчид тайлбар өгчээ.
-Тэтгэврийн зээлийг тэглэх талаар яагаад ҮАБЗ шийдвэр гаргасан юм бэ?
-Хууль, эрхзүйн талаасаа ҮАБЗ ийм эрх хэмжээтэй юу гэдэг яриа гарч байна. ҮАБЗ-ийн тухай хуулийн 4.1-д нийгэм эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ҮАБЗ холбогдох байгууллагуудад зөвлөмж, үүрэг даалгавар өгөх тухай тусгасан байдаг. Тэтгэврийн зээлийг тэглэх нь нийгэм, эдийн засгийн асуудал. Энэ тухай олон сарын турш судалгаа хийсэн. Үр дагавар, үндэслэлийг сайтар тооцоолсон. Яагаад тэтгэврийн зээлийг тэглэх болсон бэ гэвэл МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар тэтгэврийн зээл бол нэгдүгээрт, нийгмийн хамгийн эмзэг хэсэгт хамаарч байна. Хоёрдугаарт, тэтгэврийн зээл тэтгэвэр авагчдын нийгмийн байдлыг дордуулж байна. Гуравдугаарт, тэтгэвэр бол ахмадын амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл зээлийн хүү нь өндөр тул 1-2 жилээр зээл авсан ахмадууд орлогогүй болсон байна гэсэн. Тэтгэврийн зээл авсан хүмүүсийн 86 хувь нь хэрэглээндээ, үр хүүхдэдээ зориулсан байна. Хүүхдийн сургалтын төлбөр, үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садны гуйлгаар зээл авсан байдаг. Ахмадын 16 хувь нь машин тэрэг худалдаж авах зэрэг ашиг олох зориулалтаар зээл авсан байна. Ийм учраас тэтгэврийн зээлийг шинэчлэх шаардлага гарсан юм. Энэ шийдэл нь гурван гол үндэслэлээр тайлбарлагдана.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Мөн байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга тэгш хүртээхэд чиглэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох тухай тусгасан байгаа. Энэ зарчимын дагуу ирэх жил “Ирээдүйн өв” санд их наяд төгрөг хуримтлуулна. Одоогоор 340 орчим тэрбум төгрөг байгаа. Энэ сангийн мөнгө 2030 оноос хойш зарцуулагдах учиртай. Тэр хүртэл “Ирээдүйн өв” санг 10 тэрбум ам.доллар хүртэл өсгөх тооцоотой байгаа. Энэ бол ирээдүй үед зарцуулагдана. Харин одоо өндөр настай байгаа ахмадуудын өрийг тэглэх нь зорилтот бүлэг рүү чиглэсэн ажлын нэг мөн. Ахмадууд нийгмийн эмзэг бүлэг болж ядууралд нэрвэгдсэн байна. Үүнийг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос хоёр жилд нэг удаа хийдэг “Ядуурлын дүр төрх” судалгаанаас харж болно. Ядууралд нэрвэгдээд байгаа хүн амын гол цөм нь тэтгэврийн зээлтэй байгаа ахмадууд байна. Тэгэхээр яг энэ зорилтот бүлгээ нийгмийн халамжийн бодлогоор нэг удаа харж үзэх нь оновчтой шийдвэр. Дахиж ийм зүйл давтагдахгүйн тулд тэтгэврийн шинэчлэлийг хийнэ. Энэ бол хоёрдугаар үндэслэл.
Тэтгэврийн сан алдагдалтай байдаг. Зарлага нь орлогоосоо давдаг. Арилжааны банкинд байрлуулахаар эрсдэлтэй. Хүү нь бага. Үүний жишээ нь “Капитал” банк шүү дээ. Тэгэхээр тэтгэврийн сангийн менежментийг шинээр хийнэ. Тэтгэврийн зээлийг Сингапурын жишгээр ипотекийн зээлийн эх үүсвэр болодог, эргэлтэд оруулдаг, байнга өсөж байдаг гэх мэт санг ашигтай байлгах шинэ зарчмыг бий болгоно. Үүний үндсийг ҮАБЗ-ийн энэ шийдвэр тавьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг гарсан байгаа.
Гуравдугаар үндэслэл нь байгалийн баялгаа эргэлтэд оруулах. Салхитын мөнгөний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар авлигач, албан тушаалтны халаасны цоорхойгоор урсаж байсан Монголын баялгийг ард иргэддээ буюу нийгмийн зорилтот бүлэгт хүртээх юм. Энэ бол байгалийн баялаг, ашигт малтмалын бодлогын шинэчлэл юм. Энэ мэт гурван том шинэчлэлийг хийхийн тулд тэтгэврийн зээлийг тэглэж байгаа юм.
-Тэтгэврийн зээлийг тэглэх санхүүгийн бодит эх үүсвэр байгаа юу?
-Зээл тэглэснээр эдийн засгийн эерэг, сөрөг үр дагаврын талаар тайлбарлая. Энэ талаар макро эдийн засгийн шинжээчдийн ажлын хэсэг ажилласан. Тэд үзэхдээ, тэтгэврийн зээл тэглэх нь эдийн засагт эерэг нөлөөлтэй гэсэн. Яагаад гэвэл үүгээр Төв банкны гадаад валютын албан нөөц нэмэгдэж байгаа юм. Ойрын хугацаанд Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын нэг нь гадаад өр төлбөр байгаа. Үүнийг төлөхийн тулд гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Тэгвэл энэ Салхитын мөнгөний ордыг ашиглаад, олсон мөнгөө Төв банкинд тушааснаар нөөц нэмэгдэнэ. Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөл гаргасан. Үүгээр 808 тонн мөнгө, 1100 кг алтны нөөцтэй гэж тооцсон. Хайгуул, судалгаагаар нөөцийг нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Одоогийн байгаа нөөцийн тооцоогоор бол тус орд нь 2.4 их наяд төгрөг буюу тэрбум орчим ам.долларын борлуулалт хийх юм. Энэ хэмжээгээр валютын нөөц нэмэгдэнэ. Нөгөө талдаа ордын татварын өмнөх цэвэр ашиг нь 1.1 их наяд орчим төгрөг тооцоо гарч байгаа. Энэхүү цэвэр ашиг 1.1 их наядаараа бонд гаргана. Зургаан хувийн хүүтэй бондыг Хөгжлийн банк баталгаа гаргаад, арилжааны банкуудад байгаа 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хаана. Гүйлгээнд бэлэн мөнгө гаргаад, мөнгө хэвлээд байгаа юм шиг ойлгож болохгүй. Харин ч эсрэгээрээ Төв банкны валютын нөөц нэмэгдэнэ. Мэдээж, зарим тооцоог нь Төв банк хйисэн. Хамгийн муугаар тооцоход инфляц нэг хувиар л өсөх юм билээ. Өмнөх хөтөлбөрүүдтэй хүмүүс харьцуулж, адилтгаж бодоод байх шиг байна. Энэ бол мөнгө хэвлэхгүй гэдгийг дахин хэлье. Харин ч эсрэгээрээ эдийн засгаа тэлэх, өргөжүүлэх шийдвэр юм. Үндэсний үйлдвэрлэлд ч гэсэн өгөөжтэй байна. Учир нь ахмадууд ихэвчлэн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн авдаг.
Үүний дараа тэрбээр, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Халамжийг хэт хавтайруулсан шийдвэр гэж та бодохгүй байна уу?
-Халамж бол байх ёстой зүйл. Дэлхийн бүх улсад байдаг. Гагцхүү хавтгайруулж болохгүй. Яг зорилтот бүлэгтээ очиж байх ёстой. Нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ бол халамж биш. Бэлэн мөнгө тараахгүй гэдгийг. ҮАБЗ-ийн энэ шийдвэр сонгууль, улс төрийн зорилгогүй. Нийгэм, эдийн засгийн шийдлийг гол болгож, гаргасан шийдвэр. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө амь оруулж байгаа шийдвэр.
-Ерөнхийлөгчийг ашиг сонирхлын улмаас энэ шийдвэрийг гаргасан гэсэн яриа байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Ерөнхийлөгчийг ямар нэгэн ашиг сонирхлын улмаас энэ шийдвэрийг гаргаагүй гэдэгтэй 100 хувь итгэлтэй байна. Ерөнхийлөгчийг банк эзэмшдэг, тэгээд өөрөө ашигтай шийдвэр гаргасан гэсэн яриа байгаа. Гэтэл энэ шийдвэр нь банкуудад харин ч ашиггүй шийдвэр. Гэсэн ч Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт банк байдаггүй болохоор үүнийг сайн шийдвэрийг харлуулах гэсэн яриа гэж бодож байна.
-Ойрын үед төлөх өрүүд хүлээгдэж байгаа. Энэ үед зээл тэглэх нь хэр зөв шийдвэр вэ?
-Өр төлөхийн тулд валютын нөөцөө ихээр нэмэгдүүлж алт, мөнгө худалдаж авах ёстой. Энэ шийдвэр нь Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр харин ч өрийн төлөлтүүдийг харсан шийдвэр. Валютын өр тавихгүй шүү дээ.
Bayr hurgey USBZuvluld
ЕС УИХ-ын дарга гэж толгойгүй нөхдүүд бнаа бонд гаргаж өр зээл тавин тавин Ерөнхийлөгчийн худлаа амлалтыг биелүүлэх хэнд хэрэгтэй юм бэ