Монгол Улсын Засгийн газраас явуулж буй нээлттэй хаалганы өдрүүд үргэлжилж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцсон. Өдөрлөгөөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Гэхдээ иргэдийн хамгийн ихээр зочилж, мэдээлэл авч байсан асар нь “Эрдэнэс Тавантолгой” ХК байлаа. Жилийн цэвэр ашиг нь 806 тэрбумаар тоологдох болсон энэ компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын төлөвлөгөө нь олны анхаарлыг ихэд татсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 24-ний байдлаар хагас жилийн төлөвлөгөөгөөр 12.2 сая тонн нүүрс олборлохоос 13.1 сая тонн нүүрс олборлоод байна. 1.5 их наяд төгрөгийн борлуулалт хийхээс 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Хагас жилийн байдлаар 350 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсан бол 677 тэрбум төгрөг буюу буюу цэвэр ашгийн хэмжээг 102 дахин давуулан биелүүлсэн байна.
Улсын төсөвт 355 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 478 тэрбум төгрөгийг төвлөрүүлснээр дээрх эдийн засгийн болон олборлолтын үндсэн үзүүлэлтийг 25-102 хувиар давуулан биелүүлсэн амжилтаар нээлттэй хаалганы өдрийг угтсан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэв. Мөн 2019 оны хамгийн том зорилтоо биелүүлсэн хэмээн тэрээр тодотгосон юм.
Тухайлбал, Автозам, төмөр замын төслүүдээ эхлүүлж, зогссон төслүүдээ үргэлжүүлэх том амлалтыг Засгийн газрын өмнө хүлээснээ биелүүлэх эхлэлийг тавьсан гэлээ. Энэ хүрээнд стратегийн ач холбогдолтой “Тавантолгой- Ханги” боомтын анхны хөрөнгө оруулалт болох 156 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ. Ингэснээр уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж экспортын олон гарц нээгдэх юм. Түүнчлэн зогссон байсан “Тавантолгой-Гашуунсухайт” боомтын хөрөнгө оруулалтад эхний удаа 110 сая ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолын хүрээнд хийж үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байна. Үүнийг дагаад “Тавантолгой-Ханги-Мандал”-ын чиглэлийн автозам, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн зэрэгцээ автозамын ажил Концессийн гэрээний дагуу эхлэхэд бэлэн болж хөрөнгө оруулалт нь бүрдсэн тухай компанийн удирдлагууд мэдээллээ. Мөн 10 сая тоннын хүчин чадалтай гурван блок бүхий 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Мөн конверийн иж бүрэн систем, усан хангамж зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн аж. Ингэснээр компанийн орлого нэмэгдэж ашиг хэд дахин өсөх боломжтой гэдгийг энэ үеэр тус компанийн мэргэжилтнүүд хувьцаа эзэмшиж буй иргэдэд тайлбарлаж байлаа. Эдгээр бүтээн байгуулалт ашиглалтад орсноор нэг тонн нүүрсийг 32 ам.доллараар борлуулж байгааг найман ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой юм байна. Энэ хэрээр өртөг нь буурна гэж байв. Нүүрсний үнэ ойрын таван жил тогтвортой байгаа. Гэвч ирэх оны хагас жилээс дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурах магадлалтай байгааг шинжээчид анхааруулсан. Үүний эсрэг “Эрдэнэс Тавантолгой” компани зөв менежментээр давж гарахаар эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах үүргийг Засгийн газрын өмнөөс хүлээсэн. Үүний дагуу төлөвлөгөөгөө гаргаж дотоодын дата бааз үүсгэх мөн Засгийн газрын 296 дугаар тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХК-ийг байгуулж үйл ажиллагааг нь эрчимжүүлж байгаа аж. Тавантолгойн бүлэг ордын найман лицензийн зөвхөн зүүн Цанхийн лицензээр Олон улсын хөрөнгийн захад хөрөнгө босгох юм. “Эрдэнэс Тавантолгой” төсөл нийт 3.5 тэрбум ам.доллар. Үүний анхны хөрөнгө оруулалтыг компани өөрөө хийх бүрэн чадалтай. Харин дунд хугацааны хөрөнгө оруулалтыг IPO гаргаж хөрөнгө босгохоор төлөвлөсөн. Бусад хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчдаар гэсэн гурван хувилбараар төслийн хөрөнгийг босгох юм хэмээн Б.Ганхуяг захирал ярьж байв.
1072 хувьцааны дансаа 1.100 мянган хүн нээлгэжээ
Нээлттэй хаалганы өдрөөр иргэд 1072 хувьцааны талаарх мэдээллийг ихэд сонирхож байлаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн н.Ганхуяг “Би хувьцааны дансаа нээлгэсэн. Ямар ч байсан 1072 хувьцаагаа бататгаж авлаа. 1990 онд тараасан цэнхэр, ягаан тасалбар шиг хэрэггүй цаас болчихгүй юм байна гэдгийг өнөөдөр мэдэж авлаа. Бүтээн байгуулалтад олсон ашгаа зарцуулахаар болсон тул энэ жилийн тухайд ногдол ашиг тараахгүй юм байна. Хамгийн гол нь ирээдүйд хувьцаа маань хэрэггүй цаастай адил болохгүй гэдгийг ойлголоо” гэв.
Баянзүрх дүүргийн V хорооны иргэн н.Даваасүрэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг би хувьдаа их дэмждэг. Гэхдээ ард түмний амьдрал хэцүү байна.1072 хувьцааг амьд болгомоор байна. Гэтэл зарах, барьцаалах, арилжих ямар ч эрх нь нээгдээгүй. Бүтээн байгуулалтад зарцуулах гэж байгааг ойлгож байна. Гэхдээ хувьцаагаа мөнгө болгох хүсэлтэйд нь өгчих хэрэгтэй. Ард түмний ганц мэдлийн уурхайг анхнаас нь яагаад ашиггүй ажиллуулсан юм. Төр засгийн буруу биз дээ. Сонгууль хийх мөнгө өөрсдөө гаргаж авсан. Хамгийн сүүлд нь алдагдлыг нь ард түмнийхээ нуруун дээр үүрүүлж болохгүй. Харин тус компанийн одоогийн удирдлагуудыг үнэлдэг. Өнгөрсөн онд анх удаа ашигтай ажилласан” гэлээ.
“1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос 1072 хувьцааны дансны талаар тодруулсан юм. Тэрээр “1072 хувьцааны төв” жил гаруйн өмнө байгууллагдсан. 1992 оноос хойш 600 мянган иргэн хувьцааны данс нээлгэсэн байсан. Өнөөдөр 1.700 мянган иргэн хувьцааны данстай болсон. Өөрөөр хэлбэл, манай төв байгууллагдсанаар 1.100 мянган иргэн хувьцааны данстай болжээ. Хувьцааны данс нээлгэсний ач холбогдлыг иргэд сайн ойлгохгүй байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны данс нээлгэсэн гэж ойлгодог. Гэвч энэ данс тухайн хүний насан туршийн хөрөнгийн зах зээлд арилжаанд оролцож хувьцаа худалдаж авах данс. Энэ дансыг нээлгэснээр 220 компанийн хувьцааны данс худалдаж авах боломж бүрдэж байна. Иргэд данс нээлгэсэн хэрнээ ашиглахгүй үхмэл байдалтай байлгадаг. Уг нь хувьцааны үнэ нь өндөр байгаа компаниудын хувьцааг худалдаж авах боломжтой. Үүнийгээ мэддэггүй. Нөгөөтэйгүүр иргэд зөвхөн 1072 хувьцааны ногдол ашиг авахыг мөн хувьцаагаа зарах эрхийг нээгээч гэсэн хүсэлт, хүлээлт их байдаг. Гэтэл 1992 онд 1.100 мянган иргэнд 472 аж ахуйн нэгжийн хувьцааг өгсөн. Өгөхдөө хүн болгонд зарах эрхийг нь нээлттэй үлдээсэн. Ингэснээр хүн бүр зарж, үрэгдүүлэх, хэн нэгэнд залилуулсан зэргээр үр ашиггүй өнгөрөөсөн юм билээ. Яг ийм байдал одоо давтагдах гээд байгаа учраас зарах эрхийг нээгээүй. Зорилго нь хувьцаагаа хадгалдаг, үр хүүхдүүддээ өвлүүлдэг, санхүүгийн барьцаа хэлбэрээр ашигладаг байхаар зохицуулсан. Олон улсад ч мөн ийм жишигтэй” гэж байлаа гэв.