KAL-ийн бүтэлгүйтэл ба Цэцийн дарга Д.Одбаярын хөл хорио

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Индонезид болох Олон улсын хуралд оролцохоор аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх асуудалд холбогдсон. Тэрбээр албан ажлаа дуусгаад буцахдаа Сөүлд газардахад Солонгосын цагдаагийнхан мэдүүлэг, тайлбар авсан, тус улсын нутаг дэвсгэрээс 10 хоногийн дотор гаргахгүй байх хориг тавьсан талаар одоо ид шуугиж байна.

Яг өнөөдрийн байдлаар Монгол төрийн дээрээсээ 4-рт эрэмбэлэгддэг албан тушаалтан онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна. Үндсэн хуулийн цэцээс гаргасан мэдэгдэлд Д.Одбаярыг бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгдсэн. Үүнээс гадна Цэцийн дарга Д.Одбаяр Индонезид хуралд оролцсоныхоо дараа Сөүлээр дайралгүй өөр чиглэлийн нислэгээр эх орондоо ирэх боломж бүрэн байсан ч Солонгосын талыг хүндэтгэж, холбогдох тайлбар мэдүүлгээ өгөхөөр очоод байгаа юм.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын суусан онгоцонд БНСУ-ын авиа компани KAL-ийн удирдлагууд нисэж таарсан тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар KAL-ийн удирдлагууд Монголд ирээд Зам, тээврийн хөгжлийн яамныхантай Сөүл-Улаанбаатарын чиглэлд 28 жил тогтоон барьсан монополь байдлаа хадгалж үлдэх лобби хийсэн ч дэмжлэг аваагүй гэх мэдээлэл бий. УИХ-аас баталсан иргэний нисэхийн салбарыг либеральчлах бодлогын хүрээнд Сөүл-Улаанбаатарын чиглэлд гуравдагч авиа компани орж ирэх боломж нээгдэж, сонгон шалгаруулалтад Asiana airlines шалгарсан.

Хамгийн оргил ачаалалтай агаарын урсгал болох Сөүл-Улаанбаатарын чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болгосноор тийзний үнэ 40 хүртэл хямдрах боломж бүрдэнэ гэдгийг хоёр улсын албаны хүмүүс мэдэгдэж байсан удаатай. Энэ чиглэлд монополь байдлаа хадгалах гэсэн KAL-ийн оролдлого бүтэлгүйтсэнтэй давхцаж Цэцийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулиан дэгдсэн нь санамсаргүй давхцал байсан уу, санаатай үйлдэл үү гэдгийг анхаарч үзэх учиртай хэмээн зарим ажиглагчид өгүүлж байна. Гэхдээ аливаа бүхэн нотлох баримтад үндэслэгдэж яригдах ёстой учраас энэ бол өнөөдөртөө хардлага төдий байна.

Эрэмбээрээ дээрээсээ 4-т бичигддэг Үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг төрийн өндөр албан тушаал бол ганц Д.Одбаярын өмч биш. Хэрэв хууль хяналтынхан бэлгийн дарамт үзүүлсэн гэдгийг шалгаад хөдөлшгүйгээр тогтоовол хариуцлага хүлээлгэх нь шударга хэрэг. Дипломат харилцааны тогтсон соёл, олон улсын гэрээ конвенц, дагаж мөрдөх хэм хэмжээг НҮБ-ын аль ч улс орон хүндэтгэн үздэг. Нөгөө талаас БНСУ-ын аль нэг төрийн өндөр албан тушаалтан Монгол Улсад үүнтэй адилтгах хэрэгт холбогдсон бол айлын тал дипломат арга хэрэгслийг бүрэн дайчилж ажиллах нь бас дамжиггүй.

Юутай ч Монголын төрийн өндөр албан тушаалтан БНСУ-д хэрэгт холбогдон шалгагдаж, хил нэвтрэх эрхээ хасууллаа. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...