Баабарын “Эдэнд Монгол Улсыг хорлох ямар шалтгаан байдаг юм бол?” хэмээх нэртэй нийтлэл өнөөдөр олныг шуугиулж байна. Би энэ нийтлэлийг уншиж суухдаа гэнэтхэн Чимид гуайг нэхэн дурсаж үгүйлнэ билээ. Яагаад ингэх болсноо эргэж эргэцүүллээ.
Баабарын нийтлэл нь боломж гарвал Улсаа хорлочих санаатай хачин жигтэй төрийн зүтгэлтнүүдийг хараад арга баран цөхөрсөн жинхэнэ эх орончийн орь дуу аж. Төр бол хувийн бизнес хийдэг газар биш. Гэтэл, хувийн атгаг ашиг сонирхолдоо хөтлөгдсөн Болорчулуун шиг цайрсан олон гишүүд төрийн бодлогыг хувийн бизнесээрээ “зодсоор байгаад” нурааж байна.
Нямдоржийг урд хөршийн тагнуул энэ тэр гэж зөндөө цуурсан. Би хувьдаа тэр цуу үгэнд итгэдэггүй. Гэхдээ, Нямдорж хаяа гэнэдүүлэн; Монголын төрийн бодлогыг “эвхэртэл нь элэгдэж” байгааг, улсын эдийн засгийн амжилтыг “дэгээдэн унагаж” байгааг, төрийн инститүцийг “гацтал нь шааж” байгааг харахтай зэрэг “арай гадны захиалгатай ажиллаад байгаа юм биш биз?” гэсэн хар өөрийн эрхгүй толгойд зурсхийдэг. Тэр гэнэ гэнэ, арай л дэндүү атгаг болдог юм.
Уг нь түүний хүү Монгол Улсыг төлөөлөн элчин сайд болно. Монгол Улс бол Нямдоржийн хүү болоод ач үрсийх нь “тоонот” юм. Монгол Улс хөгжиж сайхан болбол Нямдоржийн хойч үе хөгжсөн орныхонд атаархахгүйгээр аз жаргалтай өөрийн тоонотдоо амьдарна. Нямдорж үүнийг ойлгохооргүйгээр тэнэг хүн яавч биш. Тэгэхээр л “аргагүйдэхэд хүрсэн нээнтэгтэй юм биш биз?” хэмээх хар хөдлөөд байгаа байхгүй юу.
Ганц Нямдорж гэлтгүй, өнөөгийн УИХ-ын гишүүдээс өгсүүлээд Монголын төрийн өндөр дээд албан тушаалтнууд, хаа нэгтэйгээс нээнтэгтэй аятай, нийгэмдээ үр ашгаа өгч байсан төрийн бодлогуудыг нурааж, улсаа хорлож байна.
Хар л даа! Жижигхэн Монголтой зүйрлэхийн эцэсгүй хүчирхэг эдийн засагтай хоёр хөрш маань хөрөнгө оруулагчдын хойноос “хөлөө хугартал” гүйж байхад, маш бага багтаамжтай жижиг зах зээлээс нь болоод хэрийн хөрөнгө оруулагчид төдийлөн сонирхдоггүй манай улсад зориглоод ороод ирсэн хөрөнгө оруулагчдыг манай төрийн зүтгэлтнүүд хөөж гаргахаар “хөлөө хугартал” гүйж байгаа юм даа? Хөрөнгө оруулалт гэдэг бол Улсын эдийн засгийн “тэжээл”, “амин дэм” юм шүү дээ!
Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол хоцрогдсон орон, тэжээлийн хомсдолд орж Венесүэл, Хойд Солонгос шиг зайлшгүй дампуурдаг хуультай. Тийм учраас л хоёр хөрш маань “хөрөнгө оруулалт” хэмээх амин дэмийн араас, 90 оноос өдийг хүртэл хөлөө хугартал гүйгээд байгаа юм.
Хятад барууны хөрөнгө оруулалтыг маш амжилттай татан оруулж, эдийн засгийн хөгжлийн гайхамшгийг үзүүлсэн. Сүүлийн үеийн худалдааны дайнаас болоод хөрөнгө оруулалт саарахад Хятадын удирдагчид багагүй тэвдэж, хөрөнгө оруулагчдад бараг л “диваажин” амлах болсон.
Орос хөрөнгө оруулагчдыг Хятад шиг амжилттай татаж чадаагүй. Сүүлдээ барууны орнуудын хоригоос болоод бүр ч хүндэрсэн. Өдгөө Оросын удирдагчид хөрөнгө оруулагчдад мөн л “диваажин” амлаж байна.
Харин манай энэ цагийн төр Монголыг хөрөнгө оруулагчдын “там” болгож байна. Монголыг Венесүэл, Хойд Солонгос болгох зорилготой юм уу?
Тэгээд л Баабар “Эдэнд Монгол улсыг хорлох ямар шалтгаан байгаа юм бол?” хэмээн гайхаш тасран асууж байгаа хэрэг. Гадныханд нээнтэгтэй хүмүүс л төрөлх эх орноо хорлодог доо!
Манай төрийн зүтгэлтнүүдийн өрөөнийх нь хананд үр хүүхэд, ач зээ нарынх нь зураг өлгөөтэй байдаг байлгүй. Монгол орон тэднийх нь тоонот шүү дээ!
Тэднийгээ хараад нээнтгээ мартах хэрэгтэй ш дээ! Нэг муу нээнтгийг нулимахгүй юу!
Хүмүүнлэгийн үүднээс ярих юм бол төр гэдэг бол үр хүүхэд, ач гуч нартаа өвлөгдөн очих тоонотыг хамгаалан, тэднийгээ сайн сайханд хүргэхээр эгнэгт сэтгэл шулуудсанаав, ээж, эмээ, өвөө нарын ажилладаг газар. Тийм болохоор төрийн тэргүүний зурагтай зэрэгцүүлэн үр хүүхэд, ач гуч нарынхаа зургийг тавибал зохино. Би хотын дарга байхдаа ажилтнуудаасаа үүнийг шаарддаг байлаа.
Хувийн ашиг хонжоо юм уу, эсхүл хэн нэгний хатгаасаар эдийн засгаа нурааж улсаа хорлох гэж байгаа “бичил ухаан”-тай өнөөдрийн төрийн зүтгэлтнүүдийг харахаар эх орноо дампуурал, сүйрэл, сүйтгэлээс аварч гарсан Ж.Батмөнх, Д.Содном, П.Очирбат, Д.Бямбасүрэн, Ц.Гомбосүрэн, Б.Чимид нарын лүнзгэр төрийн зүтгэлтнүүдийг өөрийн эрхгүй үгүйлэх юм. Ардчилсан хүчний залуучууд бид тэдэнтэй “тулалдаж” явсан болохоор сайн таньж авсан. Эдгээр эрхмүүд ёстой л “тэнгэрийн элчүүд” авай. Одооны төрийн зүтгэлтнүүд хажууд нь “хортон шавьж” мэт юм.
Би Чимид гуайн тухай онцгойлон нэхэн санасан нь дээр дурьдагдсан Батмөнх, Очирбат тэргүүтэй бусад хүмүүс бол илүү улс төрийн шийдвэр гаргагчид байсан. Харин Чимид гуай Монгол Улсыг нийгмийн шинэ харилцаа руу шилжүүлэх төрийн гол ажил буюу Үндсэн хуулийн шинэтгэлийг гардан хариуцаж авсан юм.
Нэг нийгмийн харилцаанаас шал өөр нийгмийн харилцаа руу шилжих донсолгоонд Улсаа аюулгүй бүрэн бүтэн аваад гарах үүрэгтэй төрийн албыг хариуцна гэдэг зүрх үхмээр ноцтой хариуцлага. Нийгмийн шилжилтийг даалгүй, Зөвлөлт Холбоот Улс, Югослав зэрэг олон улс гүрэн бутарч мөхсөн. Өнөө цагт Ливи, Сири гээд улсууд мөхдөгийн даваан дээр буй.
Харин Чимид гуай үүргээ гарамгай биелүүлсэн. Нийтээр нь дарангуйлах дэглэмтэй социализмаас, иргэд нь эрх чөлөөгөөр хангагдсан иргэний ардчилсан нийгэм хэмээх тэс өөр нийгэмд шилжих шилжилтийг, шилжилтийн Үндсэн хуулиас шинэ Үндсэн хуульд хүрэх үе шаттайгаар зам мөрийг нь гарган, нийтийн эвийг олон залуурдсаар чухам Чимид гуай хийлгэж чадсан юм.
Монгол Улсын энэ шилжилт “дэлхийд үлгэр жишээ болох шилжилт” хэмээн олон улсын зүгээс үнэлэгдсэн билээ. Монгол Улс нийгмийн шилжилтийг аюулгүй, бүрэн бүтэн давж гарахад Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Чимид гуай супер политик явуулжээ.
Миний бодлоор Монголын жинхэнэ төрийн зүтгэлтнүүдийн дотроос Ерөнхий сайд Анандын Амар, хуульч Бирагийн Чимид хоёр л “ үлэмж биетэн” байжээ. Нэг нь улсынхаа тусгаар тогтнолоо олох зам мөрийг, нөгөө нь улсынхаа тусгаар тогтнолын дархлааг батжуулах зам мөрийг гаргажээ.
Төрийн “үлэмж биетэн”-ий үнэ цэнийг цаг хугацаа л ойлгуулдаг. Нэн ялангуяа хортон шавьж мэт улстөрчдийн гайгаар улс оронд эрсдэл, аюул ойртохын цагт тэдний үнэ цэнэ нь бүр “өөрөө ярьж эхэлнэ”.
Нэг удаа Монголд хөрөнгө оруулалтын “тэг зогсолт” болсон юм. 1990-ээд онд тохиосон хэрэг. Монголыг хөрөнгө оруулалтаар тэжээдэг байсан Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй Европын социалист орнуудын эдийн засаг тэр чигтээ дампуурсан. Монгол тэжээгчээ алдсан гэсэн үг. Дагаад эдийн засаг нурж, зах зээл хоосорсон. Барааны хомсдол, ажилгүйдэл, ханшны уналт, ядуурал зэрэгт нийтээрээ нэрвэгдлээ.
Эдийн засаг муудахад нийгэм бухимддаг. Ёсоороо болсон. Нийгэм уур хилэндээ дагжин чичирч, хаашаа ч халууран дайрч мэдэхээр болов. Жагсаал, цуглаан моодонд орж, сав л хийвэл нийтийг хамарсан үймээн самуун руу хальтирчих гээд байв.
Нийтийн хилэн дэлбэрсэн үед төр гацаж сааждаг. Бас л ёсоороо болсон. Бухимдсан олон түмний манлайд явах Монголын Ардчилсан Холбоо л бараг Улсын бодлогыг гудамжнаас тогтоох шахуу болсон.
Эрх баригчид МоАХ-ын удирдлагатай хэлэлцэж байж шийдвэр гаргадаг болсон байв. Байнга хоёр талын төлөөлөл уулзаж хэлэлцээ хийнэ. Хэлэлцээрээр тохирсон шийдвэр л цаашлаад төрийн шийдвэр болно.
90 оны гурван сард болсон тийм нэг хэлэлцээр дээр би анх Чимид гуайтай уулзсан билээ.
Тухайн үедээ би түүнийг хамгийн ихээр “жигшин зэвүүцдэг” байж. Ардчилсан хувьсгал бол бараг л Чимид гуайн эсрэг хийж буй хувьсгал гэж бодох нь холгүй явлаа л даа, би.
Өмнө нь Дээд шүүхийн дарга асан болохоороо их л дайсантай байсан бололтой. Яагаад ч юм дөнгөж төрөөд байгаа чөлөөт хэвлэлүүдийн дайралтын бай болчихсон. Тэд ч алаад өгөлгүй яахав.
Тэгээд би “Чимид гуай шиг ардчиллын гол дайсан болсон хүнтэй хэлэлцээр хийхгүй” гээд МоАХ-ын төлөөлөгчдөө аваад гараад явчихаж билээ. Намайг өөр рүү нь элдэв муу үгээр дайрч байхад буурь заан улам л хүлээцтэй, ухаалгаар сонсож зогсохыг хараад би дотроо “хөөх” хэмээн гайхасхийгээд гарсан. Түүнээс хойш муудаж, сайдаж олон ч удаа уулзах тавилантай байсан аж.
Уулзах бүрт л хувийнхаа бодол, эмоци, ашиг сонирхолоо огоорон улс орныхоо төлөө бие сэтгэлээ тэр чигт нь чилээсэн жинхэнэ төрийн хар хүн болох нь тодорч байлаа.
“Алд бие минь алжаавал алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” хэмээх, төрийн үлэмж биетэн л хүндийг нь дааж чадах, Чингисийн гэрээсийн утгыг Чимид гуайн ажил хэрэг, үйл ажиллагаанаас харж авсаан.
Монголд удахгүй; хортон шавьж мэт улсаа идэн хорлох өнөөгийн төрийн зүтгэлтнүүдийн популизмын гайгаар хөрөнгө оруулалт дайжиж, дахин тэг зогсолт болох магадлал их байна. Тэгвэл эдийн засаг унана. Нийтээрээ дампуурч, ядуурал замаа алдана. Уурлаж хилэгнэсэн олон түмэн гудамжинд гарч нийгэм донсолно. Олны хилэн дэлбэ үсрэхэд төр паралич болно. Халуурсан нийгэм хаашаа ч явж мэднэ. Мөргөлдөнө, үймнэ, самуурна, аягүйдвэл “бага оврын Сири” ч болж мэднэ. Энэ эгзэгтэй үед Улсаа аюулгүй, бүрэн бүтэн аваад гарчих, Чимид гуай шиг үлэмж биетэн төрд бий болов уу? Харагдахгүй л байна даа!
Эх сурвалж: baabar.mn