УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулжээ.
Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгохоор уг хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга нь арилжааны болон тансаг зэрэглэлийнх биш бөгөөд дунджаар 55-60 ам метр талбайтай, нийтдээ 550 орчим айлын орон сууц баригдана, барилгын нэг ам метрийг нь 800 мянган төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Хотхон барихад шаардлагатай материал, түүхий эдийг аль болохоор дотоодын зах зээлээс авна, гэхдээ зайлшгүй шаардлагатай зарим материалыг импортоор авахаас аргагүй байгаа. Эхний ээлжид төслийн баг болон ажилчид байрлах бөгөөд ирээдүйд боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон болж өргөжих юм гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.