Сайжруулсан түлштэй холбоотой асуудал ар араасаа хөвөрсөөр байна. Шатааж байгаа түлшний буруу юу эсвэл гэдэг асуулт хариу нэхэн үлдэв. Техник технологийн зуунтай хөл нийлүүлэн алхах хүсэлтэй Монгол Улс, иргэн та дундад зуунаараа амьдрахыг мэдээж хүсэхгүй. Тэгвэл сайжруулсан түлшээ хэрэглэж сурах аргад бид хэзээ суралцах вэ. Иргэдийн амь нас зуурдаар хохирсон айдас, түгшүүр дагуулсан мэдээллийн дунд амьдрах уу, төр засаг аа.
Энэ сарын 3-нд хоёр айлын найман хүн шахмал түлшнээс угаартаж Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэх бараан мэдээлэл түгэв. Гэхдээ хүний амь нас эндээгүй, сайжруулсан түлшнээс биш гэдгийг мэргэжлийн хүн тайлбарласан. Гэтэл дахиад л 16 иргэн угаарын хийнд хордож. Хамгийн харамсалтай нь 4 хүн эрдэнэт амиа алдчихлаа. Сайн түлшний буруу юу эсвэл гэсэн асуулт өнөөг хүртэл хариу нэхсээр. Ерөнхийдөө хоёр талын алдаанаас үүдэлтэйгээр “Сайн” сайжруулсан түлш шантаажинд орчихлоо.
Үүнд Засгийн газрын алдаа бий. Түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэрт буруу байхгүй гэдгийг онцлох хэрэгтэй. Харин сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх, иргэд аюулгүй байдлаа хэрхэн хангах, зуух, яндангийн асуудалд яаж анхаарах тухай мэдээлэл үнэхээр алга. Монголчууд эртнээс нааш түүхий нүүрсээ л түлж ирсэн. Хуучны аргачлалдаа дассан учир шинэ зүйлийг хүлээн авахад хүндрэл гарч байна. Улирч одсон зүйлийг ч нэхэн санагалздаг. Тод жишээ нь, социалист дэглэмээ өнөөдөр ч эргэн дурсах нь бий. Үүнтэй агаар нэгэн зүйл нь сайжруулсан түлш болж хувирав.
Төр засгийн шийдвэрийн дагуу орчин цагтайгаа хөл нийлүүлсэн шинэ технологиор сайжруулсан түлш үйлдвэрлэн худалдаанд гаргалаа. Гэвч түлшээ хэрхэн асаах, ямар хэмжээтэй хийх, унтаж амрахын өмнө зуухаа шалгах зэрэг мэдлэгийг олон нийтдээ хүргэж чадсангүй. Мэдлэг, мэдээлэлгүйгээс л Монгол хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Түүхий нүүрсээ тонн, тонноор нь худалдан авч, хувингаар нь пийшиндээ чихдэг, унтахдаа галаа удаан барихын тулд хүхээгний хаалтаа багасгадаг тэр л үзэл өнөөдөр ч иргэдийн тархинд бичээстэй байгаа. Гэтэл сайжруулсан түлшийг энэ аргачлалаар түлж болохгүй гэдгийг иргэдэд таниулсангүй. Тиймээс л ахуйн угаарт хүний амь нас эндэж байх шиг. Иргэдийг мэдээллээр хангаж, шинэ бүтээгдэхүүний ач холбогдол, үр өгөөжийг таниулаагүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Мэдээлэлгүй иргэд маань нойтон нүүрстэйгээ шахмал түлшийг хольж түлэх гэж оролдсон жишээ ч байна. Ингэснээр нөгөө эрсдэлт нөхцөл байдал үүснэ. Мөн гал удаан барихын тулд яндангийн хүхээгийг багасгах, хаах арга хэмжээ огтхон ч авч болохгүй гэдгийг анхаарах ёстой.
Үнэндээ “Сайн” шахмал түлшинд нэг их асуудал байхгүй. Технологийн дэвшлийг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг ашигласан нь ойлгомжтой. Зөвхөн хэрэглээний аюулгүй байдлыг хангахад л анхаарахгүй байна. Гал түлэхийн тулд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал. Таны зуух гал өрдөхөд бэлэн үү гэдгийг шалгах, яндангаа хөөлж бэлтгэл хангахгүйгээр дүрэлзтэл гал өрдвөл мэдээж хэрэг эрсдэл дагуулна. Иргэдийн алдаа үүнд бий. Цаашлаад утаа угаар гарч байхад түүнийгээ анзаарахгүй, яндангийн хүхээгээ хааснаар угаартах нь бий. Зуухнаас нь утаа саагиж байхад түүнийг үл тоон сууснаараа өөрийн болон гэр бүлээ аюул руу түлхэж байгаа хэрэг. Иймэрхүү дүр зураг цөөнгүй.
Ер нь, галлагаагаа зөв хийхгүй бол ямар ч түлш аюул авчирна гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс хэрэглээгээ хянаж, хэн нэгэнд эрсдэл учруулахгүй байхыг анхаарах нь чухал. Болгоомжгүй үйлдэл болгон сөрөг үр дагавар авчирдаг.
Эцэст нь, Засгийн газар иргэдээ мэдээллээр хангаж, таниулах үүргээ хүлээх шаардалагатай байна.