Батлан хамгаалах салбар монгол залуусын эрлэг болчихсон юмуу гэмээр үйл явдлууд ар араасаа хөвөрч байна. Эх орноо хамгаална гээд явсан залуус амьгүй цогцос болоод ачигдаж ирдэг болов. Аав ээж, ар гэрийнхнийх нь нулимс далай болж, амьдрал нь там болон хувирна. Амандаа хүлхэх шахам хайрлаж өсгөсөн хүүг нь арми авч яваад алчихна гэж хэн санах билээ.
Баримт өгүүлье. 2019 он гарснаас хойш зургаан цэрэг цаг бусаар амь насаа алджээ. 2019 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336-р ангид алба хааж байсан байлдагч дарга нартаа дэглүүлж амь насаа алдсан.
2019 оны 2-р сард Увсад хил манаж байсан байлдагч буу зэвсэгтэйгээ сураггүй алга болсон. Хэд хоног хайсны эцэст Тувагийн нутаг дэвсгэрт амь насаа алдсан байсныг олсон. Түүнийг оргосон, дарга нарынхаа дарамтад орсон, төөрсөн гэх мэтээр таамаглаж, бичицгээж байв.
2019 оны3-р сард зэвсэгт хүчний 310-р ангид алба хааж байсан байлдагч элс ачсан машинд дайруулж амь насаа алдсан. Энэ хэрэг явдал батлан хамгаалах салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын дүрэм, журмыг мөрддөггүй гэдгийг нотолсон.
2019 оны 5-р сард Өмнөговь аймгийн ангид хил манаж байсан байлдагч буудуулж амиа алдсан талаар шуугиан дэгдэв. Энэ хэрэг явдлыг удирдлагууд нь тэгсхийгээд дараад өнгөрсөн гэх гомдол байдаг.
2019 оны 7-р сард Сүхбаатар аймагт алба хааж байсан цэргийн албан хаагч амь насаа алдсан. 2019 оны 9-р сард Дорнод аймгийн 327-р ангид алба хааж байсан байлдагч өвс ачсан машинаас унаж амь насаараа хохиров.
Энэ бол зөвхөн энэ жил цэргийн алба хаагч амь насаа алдсан баримтууд гэдгийг анзаарсан байх. Өмнөх жилүүдийнхийг бичвэл маш урт жагсаалт болно. Зэвсэгт хүчний анги салбарууд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Харин зэвсэгт хүчний ангиуд Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т шууд харьяалагддаг. Энэ хоёр салбарын сайдаар Монголын улс төрд баастай бурхан шиг тахигдсан Н.Энхболд, Ц.Нямдорж нар ажилладаг гэдгийг олон нийт мэднэ.
Зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудад хараал хүрсэн гэмээр эмгэнэлт үйл явдлууд ар араасаа гарсаар л байгаа. Үнэн хэрэгтээ ямар ч хараал болоогүй. Зүгээр л хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, сахилга бат суларсан, цэргийн дэг гэх бурангуй харгислал устаагүй учраас энх цагт цэрэг эрс амь насаа алдсаар байгаа юм. Хагацал болгоны дараа сайд, дарга нар салбартаа хариуцлага, сахилга батыг дээшлүүлнэ, чангатгана гэх мэтээр албаны хүйтэн үгээ давтдаг. Гэтэл байдал дээрдсэнгүй.
Ерөнхий сайд төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгана, шударга ёсны илдээр цавчина гэж амласан. Хэрэв түүний гарт шударга ёсны илд үнэхээр байгаа бол хамгийн түрүүнд цавчих ёстой хариуцлагагүй хүмүүс бол Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар мөнөөс мөн. Тэднийг нэн даруй огцруулж хариуцлага тооцох цаг болсон. Энэ Засгийн газарт ийм жишиг өмнө нь байсан. Галт тэрэг осолдоход сайд нь өргөдлөө өгөөд хариуцлага хүлээгээд явсан.
Батлан хамгаалах салбарт өчнөөн залуу амь насаа алдчихаад байхад ангийн захирагчид нь сахилгын шийтгэл ногдуулаад, оршуулгын зардлыг нь даасан гэх мэт цэвдэг үгс чулуудчихаад сандалдаа шигдэж, амиа хоохойлж суугаа сайд, дарга нарт хайр найргүй хариуцлага тооцож байж энэ салбар эрүүлжинэ, сахилга хариуцлага дээшилнэ. Оршуулгын зардлыг нь даалаа гээд амиа алдсан залуус босоод ирэхгүй шүү дээ.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга 30 гэр бүлээс улс орноо аварна гэсэн. Нэмээд зэвсэгт хүчинд ажилладаг яргачдаас цэрэг дайчдаа бас авармаар байна. Ажилд дайчлахдаа амьд явах баталгааг нь хангахгүй бол байдал ноцтой боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар цэгцрэх хөдөлгөөн хийнэ гэсэн. Цэгцгүй, хариуцлагагүй сайд нарыг яаралтай огцруулж шийтгэл хүлээлгэх цаг болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө цэргийн офицер хүн. Монголын арми залуусын амь залгидаг болсон байдалд дүгнэлт хийж, онц байдал зарлах цаг болжээ.