Хүй мандлын дэнжид наймаалцсан Үндсэн хуулийн өөрчлөлт

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүллээ. Төрийн тэргүүний санаачилсан төслийг Засгийн газар хамгийн түрүүнд хэлэлцжээ. Ерөнхийлөгч УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, УИХ-ын 108 гишүүний 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох, 54-ийг нь пропорционал буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгодог болох гэх мэтчилэн санал дэвшүүлжээ.

Засгийн газар Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд нэгдмэл байр суурьт хүрч чадаагүй гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтжээ. Наадмаар буюу 7-р сарын 12-нд Хүй 7 худагт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар УИХ-ын гишүүдтэй Үндсэн хуулийн асуудлаар бичил хэлэлуүүлэг зохион байгуулсан талаар УИХ-аас албан ёсоор мэдээлсэн. Хуулиар тогтоосон бүх нийтийн амралтын өдөр эрх баригчид чухам яагаад Хүй мандлын дэнжид Үндсэн хуулиар хэлэлцүүлэг хийв ээ.

Наадмын талбайд Үндсэн хуулийн өөрчлөлт ярина, тохиролцоно гэдэг бас л бүдүүн зүрх шүү. Хуульд зааснаар бол УИХ-ын үйл ажиллагаа чуулганы танхим дотроо албан ёсоор өрнөх учиртай. Тийм болохоор л гишүүд чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэх заалтаар өөрсдийнхөө овлтгогүй үйлдлийг хаацайлдаг. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлт бол наадмын хуушуурын хачир болгон ярьдаг хуйвалддаг сэдэв огт биш. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ч найр наадмын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлт ярилаа гэж УИХ-ыг зэмлэсэн удаатай. Гэтэл өөрөө гэнэтхэн хуулийн төсөл санаачилсан нь ямар учиртай нүүдэл вэ гээд олон асуулт гарч ирж байна.

Хүй 7 худагт болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч дээрх санаагаа гишүүдэд амаар мэдэгджээ. Хэдийгээр зарчмын зөрүүтэй саналууд байгаа хэдий ч Үндсэн хуулийг өөрчлөх нь нийгмийн захиалга гэдэг дээр төр, засгийн удирдлагууд санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Засгийн газар Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргаж байгаа саналуудыг дэмжих хандлагатай байгааг ч эх сурвалжууд мэдээлж байна. Харин УИХ-аар одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчийнхтэй хэрхэн нэгтгэх талаар хуульчид толгойгоо гашилгаж эхэлжээ.

Хуульд зааснаар зөвхөн хуулийн төсөл санаачлах замаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Тиймээс Ерөнхийлөгч төсөл санаачилсан байх. Гэхдээ санаачилсан төслөө одоогийн байдлаар УИХ-д өргөн бариагүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд саналаа 30 хоногийн дотор, цаашлаад энэ хугацааг сунгах боломж хуулиар нээлттэй. Хэрэв Ерөнхийлөгч төслөө УИХ-д албан ёсоор өргөн барьчихвал одоо хэлэлцэж байгаа болон Ерөнхийлөгчийн санаачилсан гэсэн хоёр төслийг ямар дэгээр хэлэлцэх нь бас л ээдрээтэй.

Хүй 7 худагт болсон уулзалтаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахгүй байх нууц тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл чих дэлсэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар УИХ-ын ээлжит сонгууль болохоос 6 сарын дотор Үндсэн хуульд гар хүрэхийг хориглосон учраас эрх баригчид цаг хугацааны шахаанд орчихоод байгаа юм. Хэрэв ард нийтийн санал асуулга явуулахгүй бол найр наадмын цагаар хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт цөөнхийн оролцоог хангалгүй үнэмлэхүй олонхоор хүч түрсэн, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн явцуу хүрээний тохиролцоонд суурилсан гэж хожмоо шүүмжлэл дагуулах эрсдэл бий. Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” хэмээн тодтгон заасныг энд сануулъя.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...