2016 оноос хойш Нийслэлд өрнөсөн алга ташчих ганц хоёр ажлын нэг нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай зэргийг хашиж хашаа хатгасан эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хэсгээс чөлөөлж эхэлсэн ажил байв. Энэхүү ажлыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд Нийслэлийн газрын алба өдөр бүр л шахуу хийж хэрэгжүүлж байлаа. Гэтэл сүүлийн 10 гаруй хоног энэ ажил нам жим болчихов. Шалтгаан нь юундаа байгаа вэ гэх асуултыг эрэлхийлээд үзэхээр Нийслэлийн газрын албаны дарга нь солигдсон нь асуудлын шалтаг байсан бололтой.
Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нь хэдхэн хоногийн өмнө тушаал гаргаж Нийслэлийн газрын албаны даргын ажлаас Э.Болорчулууныг чөлөөлсөн байдаг. Нийслэлийн засаг захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдын дунд явж байгаа бор шуваагаар бол Э.Болорчулууныг яаралтай халах хэд хэдэн шалтгаан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд байсан гэнэ. Тухайлбал Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нь хотын иргэдийн хамгийн их эсэргүүцэл үзүүлж байгаа Туулын бургасыг хядсан “Зүүнбаян рэйфанери” ХХК-ийн газрын гэрчилгээг цуцлуулах хүсэлтийг хотын дарга руу оруулсан байх магадлалтай. Тэр нь ажлаасаа халагдах шалтгаан байж мэдэх юм гэсэн таамаг яриаг хөрвүүлж эхэлжээ.
Нөгөө талаасаа Э.Болорчулуун нь Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы хүссэнээр хөдөлж өгөхгүй, өөдөөс нь тайлбар тавьж, хууль журам ярьдаг байсан нь ажлаа өгөх шалтгаан болсон байж ч болох юм. Нийслэлийн өмнө удирдлагуудын тарьсан гай балаг болох хэн дуртай нь хүссэн газраа хашаалчихсан гажуудлыг засах ажлыг Нийслэлийн газрын алба чамгүй хийдэг байлаа. Гэтэл сүүлийн сарын хугацаанд уг ажил хийгдсэнгүй гэхэд болно. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэдийн эсэргүүцлийн дагуу “Номин”-гийн эзэмшиж байсан газрын чөлөөлсөн. Түүнээс өөрөөр Нийслэлийн газрын албанд хийсэн ажил, хэлчих гавьяа алга.
Нийслэлийн газрын албанд иргэд өдөр бүр явган хүний зам таглаж байрлуулсан грааш, түц, хашаа зэргийг чөлөөлж өгөх хүсэлтийг ирүүлдэг ч уг хүсэлтийн дагуу авч байгаа арга хэмжээ алга хэмээн бухимдаж байна. Уг нь аливаа албан байгууллагын удирдлагыг ажлыг нь сайжруулах гэж сольдог. Гэтэл Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нь Нийслэлийн газрын албаны даргыг солихдоо ажлыг нь сайжруулах биш өөрийнхөө үгэнд орчих хүнийг л байлгах гэсэн гэх хардлага төрөхүйц үйл явдал өнгөрсөн өдрүүдэд өрнөж байна.