Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтаар дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжүүд экспортын тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг 2019 оны намрын улиралд бэлтгэн, нийслэлийн иргэдийн 2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллахаар шийдвэрлэв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.