Хавдар судлалын үндэсний төвийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил-Шугаман хурдасгуур аппаратыг Монгол улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улс хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах үйлсэд ихээхэн анхаарал тавьж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хүрээнд ойрын болон дунд хугацааны бодлогын зорилтуудыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.
Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг дангаараа элэгний хавдар эзэлдэг бөгөөд туяа эмчилгээ хийх боломжгүй байсан бол өнөөдөр шугаман хурдасгуурт 2 шинэ аппаратыг суурилуулснаар элэгний хавдрын үед хийгдэх эмчилгээний боломж нэмэгдэж байна.
Энэхүү дэвшилтэт технологийг суурилуулах, нэвтрүүлэх төслийг Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад олон саад бэрхшээл тулгарсан ч хамтдаа даван туулж энэ онд шугаман хурдасгуурыг суурилуулж, цаашид туяа эмчилгээний дэвшилтэт технологиудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх алхам нээгдлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ хэдийгээр туяа эмчилгээ нь эмнэлгийн үйл ажиллагааны нэгэн нэгж боловч эмчилгээ үйлчилгээний цар хүрээгээрээ өргөн, Монгол Улсад ганц байдаг эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг салбар бөгөөд, эмч, мэргэжилтнүүд нь ч Монголдоо арван хуруунд багтахаар цөөхөн, тусгай бэлтгэгдсэн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд юм.
Ингээд Эрүүл мэндийн яамны хамт олон, Хавдар судлалын үндэсний төвийн удирдлага, Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн Энергийн Комисс, Олон улсын хамтын ажиллагаатай байгууллагууд, эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлж, Монгол улсын хүн ам, ард иргэдийнхээ эрүүл мэндийн мөнхийн манаанд зүтгэх үйлсэд амжилт хүсье гэв.